Zindaa.mn сайт яруу найргийн буландаа Мөнгөн үеийнхний уран бүтээлээс сорчлон нийтэлж байгаа билээ.
Найраг шүлгийн уянгын цэнхэр давалгаа мөнхөд ундран долгилж, бадран өрнөх болтугай!
Хүний жинхэнэ сайхан дотроосоо гэрэлтдэг болохоор энэ чинь чин үнэнч зүрх сэтгэл байж таараа
Б.Баярсайхан
Заставын бэр
Айлын ахаас харц буруулсан бүрэг
Арван долоотой жаахан годгор охин
Заставын орлогчийн гэргий болж
Залуухан офицер дагаж хил дээр ирсэн
Ухаа толгод шиг гандмал бор өдрүүд
Уйдаж, цөхөрч, хүлээж дассан
Төрсөн эцэгтээ хавартаа нэг золгохгүй
Түгшүүр зарлахад хүүгээ тэврээд үлддэг
Заставын бэр
Айраг исэхгүй гурав хоногийн бороонд
Ааруул сэврэхгүй гурав хоногийн бороонд
Аргал хатахгүй гурав хоногийн бороонд
Ай хө, шанзны утас шиг гэгэлзэнэ
Урь дагаж, агь нүдлэх хавраар
Учрал тосож, цөөрөм гэсэх хавраар
Тэнгэр дуугарч, усны хор гарах
Тийм л хавраар тогтож суухын аргагүй
Үдлээд ниссэн шувуудын хойноос
Үрлэн хөх нулимсаа унагаж
Хавар, хаврын хавсарга салхинд
Хормойгоо сэмэртэл гандаж хоцордог
Газрын мухарт хадагдсан
Хүний бүсгүй үр
Галын бурхан сахисаар
Хүний газрын чулуу дэрлэнэ
Сундуй баяны ганц охин
Энд шингэснийг хэн ч мэдэхгүй
Сумын наадмын хоёр өдөр
Шуугиулж явсныг мэдэхгүй
Дөнгөж ой хүрсэн охиноо тэвэрч
Гурван өвлөөр нүүж, зутарсныг мэдэхгүй
Дөчин жил эр дагаж
Гучин говиор тэнэснийг
Эх орон ч мэдэхгүй
Хатан хайр
Банзан гитар, хайрын дуутай
Тэр намар эргэж ирэхгүй
Хөвөнтэй хүрэм, улаахан алчууртай
Тэр бүсгүй эргэж ирэхгүй
Ургацын талбай,
Зангадын дуутай
Тэр намар эргэж ирэхгүй
Учрахын шүлэг, хагацахын гуниг
Тэр бүхэн эргэж ирэхгүй
Харанхуйгаас цонхыг чинь ширтсэн
Хөөр баяр эргэж ирэхгүй
Хөлөө хайруулж, гадаа холхисон
Хүлээлт, цөхрөл эргэж ирэхгүй
Намрын дурсамжийг одоо дуулахгүй
Насаараа хайрлана гэж одоо амлахгүй
Хаврын бороог хацраас чинь арчихгүй
Хайрт минь гэж чихэнд чинь шивнэхгүй
Дөлгөөхөн чамтайгаа ахиж би болзохгүй
Дөрвөн нүд бие биенээ ширтэхгүй
Бороон дундуур хөтлөлцөн гүйхгүй
Бүжгийн тайзанд хайрын вальс эргэхгүй
Нэг голын усанд хоёр орж болохгүй
Номч мэргэдийн үгтэй бидэн хоёр харгахгүй
Хамаг л сайхан бүхэн он цагтай урслаа ч
Хатан хайраа хоёулаа харин мартахгүй
Хэсэгхэн зуур ч
Хэсэгхэн зуур ч хамт байх юмсан
Хээрийн салхинд хамт л найгах юмсан
Энгэр цээжний будант гуниг сарниах
Энхрий дууг чинь ахиад л нэг сонсох юмсан
Эх нутаг, элгэн садан, эрх чөлөө
Эрхэм бүхнээ уудалж, нэг л сайхан ярихсан
Шанзны утас шиг сэтгэлийг минь хөглөөд
Шаргалхан навч шиг сэрчигнэнхэн догдлохсон
Өө, тэгээд шаргалхан навч шиг мөчрөөс салж
Өндөр тэнгэрт эргэлдэн хийсэх юмсан
Зүүд шиг яруу орчилд зуурхан саатаад
Зүрхэн дээр чинь эргэж зөөлөн буухсан
Хэсэгхэн зуур ч хамт л байх юмсан
Хээрийн салхинд хамт л найгах юмсан
Атаархлын шуургыг галзууран догширтол
Амрагийн хорвоог цэнгүүлж хамт байх юмсан
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )