Засгийн газар “РИО ТИНТО”-той ойлголцож чадах уу!

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 15

Оюу Толгойн хувь заяаг шийдэх ёстой, алс хэтийн ашгаас илүү өнөө маргаашийн асуудлаа зайлшгүй шийдвэрлэх ёстой уулзалт энэ долоо хоногт эхлэв.

Нэг талаас хөрөнгө оруулагчдын дунд хагарал үүсэж, Оюу Толгой дээр хоёрдмол байр суурь баримтлах болсон цөвүүн байдлыг цэгцлэх, нөгөө талаас Монгол Улсын Засгийн газартай ойлголцож, олон жилийн ойлгомжгүй харилцаагаа нэг талдаа гаргах шаардлага Рио Тинтод гарцаагүй бий. Зэсийн салбарыг нь Монгол Улсын иргэн хариуцах болсон энэ торгон цагт “Оюу Толгой”-г ашигтай болгох сонирхол “Рио Тинто”-д ч, Засгийн газарт ч байгаа. Магадгүй олон жилийн улс төрийн эерэг оноо байсаар ирсэн “Оюу Толгой” дээр монголчууд бид нэгдмэл ойлголттой болж ч мэднэ. Бүр эсвэл олон жил улс төрийн оноо болсоор байгаа Африкийн урагшгүй төслүүдийн араас ч орж мэднэ. Чухам хэрхэхийг Засгийн газар, “Рио Тинто” мэднэ.

Эхний уулзалтын атмосфер ямар байв...

Оюу Толгой төслийн хувь заяаг шийдэх учиртай уулзалт даваа гаригт (2021.04.12) Төрийн ордонд эхлэв.

Одоогоос хоёр жилийн өмнө УИХ-ын 92 дугаар тогтоол гарч Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулахаар болсон. Өчигдрийн уулзалт чухамдаа энэ хэрэгжилтэд хяналт тавих зорилго бүхий Ажлын хэсгийн уулзалт байлаа. Хэлэлцээнд хөрөнгө оруулагч талаас Рио Тинто компанийн Зэсийн гурппийн захирал Б.Болд, тус группийн Өсөлт, хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүх, Рио Тинто компанийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал нар оролцсон. Харин манай талаас нэлээд нүсэр бүрэлдэхүүнтэй оролцсон. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэгт Сангийн сайд Б.Жавхлан, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Т.Доржханд, Г.Тэмүүлэн, О.Цогтгэрэл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир нар оролцсон. Энэ уулзалтаар хамгийн түрүүнд далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө буюу Дубайн гэрээг цуцлах, хоёрдугаарт татварын маргааныг эцэслэх, гуравдугаарт 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнээс хойш хийгдсэн нийт гэрээ, хэлэлцээрүүдэд нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж буй.
 


Энэхүү уулзалтаар нөхцөл байдлаа тодруулахын тулд хоёр талаас асуулт, хариулт байдлаар ярилцжээ. Мэдээж хэрэг манай талын ажлын хэсгийн бүрэлдэхүүн зузаан учраас манай талаас асуулт голдуу яриа өрнүүлсэн.

Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг, олон жил “Оюу Толгой”-гоор оноо цуглуулж ирсэн гишүүд байгаа учраас үзэл бодол болон зарчмын зөрүү ихээр үүссэн тодорхой. Эхний уулзалтаар Дубайн гэрээг голлон хэлэлцэж, төслийн үр өгөөжийг сайжруулах хүсэлтээ илэрхийлжээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар мэдээж хэрэг шүүмжлэлтэй байр суурь илэрхийлсэн. Үлдсэн нь цаашид гэрээг хэрхэн сайжруулах, одоо үүсээд буй нөхцөл байдлыг тодруулах үүднээс асуудалд хандсан байна.

УИХ-ын хуралдаан дээр бүгдийг зандардаг өнгө төрхөөс нь харвал мэдээж хэрэг энэ уулзалтын атмосферийг та бараг гадарласан байх. Эхний уулзалтаар тийм ч үр дүнтэй ярилцлага болоогүй. Энэ уулзалт албан ёсны хэлэлцээ биш гэдгийг уншигч та ойлгох ёстой. Эхний уулзалтаар хэлэлцээ эхлэх хугацааг тодорхойлох байсан ч тов тогтоолгүй дуусгажээ.

Хэлэлцээ хэдий хугацаанд үргэлжлэх вэ...

Энэ бол яг таг хариулчих боломжгүй асуулт. Эхний уулзалтын атмосфер, манай талын байр суурь, Рио Тинтогийн байр суурь, асуудалд хэрхэн хандаж байгаагаас харвал дор хаяж зургаан сар, цаашлаад түүнээс ч урт хугацаанд үргэлжилж мэднэ.

Манай талаас Ажлын хэсгийн бүрэлдэхүүн хэт их хүнтэй, бараг 20 гаруй гишүүнтэй тул цаашдаа гишүүдийн тоог цөөлөх шаардлага гарч болзошгүй. Хэрэв дараа, дараагийн уулзалтууд эхний уулзалтын уур амьсгалаар үргэлжилбэл асуудлыг шийдэх бус улам мухардалд ч орж мэднэ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг аажимдаа хасаж болох ч сонгуулийн үнэр хамар цоргиж буй энэ цагт гишүүдийн тоог цөөлөхгүй болов уу. Учир нь сонгуулийн өмнө оноогоо алдах, Рио Тинтогийн талд ажиллалаа гэсэн “шуум” гарах учраас ойрын гурван сардаа гишүүдийн тоог цөөлөхгүй байх. Тиймээс энэ хугацаанд хоёр, гурван удаа уулзахад асуудал шийдэгдэхгүй, хэлэлцээний хугацааг ч товлохгүй байж болох талтай. Асуудлын далайц аль, аль талын хүсэл зориг зэргийг бодолцсон ч энэ бол богино хугацаанд үргэлжлэх асуудал огт биш.

Уулзалтын гадна өрнөж буй зүйлс

Ажлын хэсгийн эхний уулзалт эхлэхээс зүг өмнө Рио Тинто болон Туркойз Хилл Ресурс компаниуд Оюу Толгой төслийн санхүүжилтийн төлөвлөгөөнд нэгдмэл байр суурьтай болсноо зарласан. Хэрэв уншигч та санаж байгаа бол хөрөнгө оруулалт босгох асуудалд хэт нэг талыг баримталж, ачааны хүндийг Туркойз Хилл Ресурс компанид үүрүүлж байна гэж үзсэн тул Канадын арбитрын шүүхэд хандсан. Өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон энэ асуудлыг нэг ёсондоо цуцалсан гэсэн үг. Энэ талаар Рио Тинто компанийн албан мэдэгдлийн төгсгөлд “...Рио Тинто болон Туркойз Хилл Ресурс хоорондын арбитрын маргаан түүнээс гарсан шүүхийн шийдвэр энэ дундаа түр арга хэмжээ авах тушаалыг хэрэгсэхгүй болгохоор талууд тохиролцсон болно” гэж дурдсан юм. Мөн санхүүгийн голлох асуудлууд дээр нэгдмэл байр суурьтай болсон юм. Тухайлбал гүний уурхайн шинэчилсэн төлөвлөгөө, төслийн хугацаа болон мөнгөн урсгалтай уялдуулж, одоо хэрэгжиж буй гүний уурхайн төслийн санхүүжилтийн дагуу 1.4 тэрбум ам.доллар хүртэлх зээлийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийг хойшлуулах, сонгогдсон олон улсын байгууллагуудаас төслийн санхүүжилтийн одоогийн зохицуулалтын дагуу 500 сая ам.доллар хүртэлх нэмэлт давуу эрхтэй зээлийн эх үүсвэр босгох, Туркойз Хилл Ресурс компани энгийн хувьцааны эрхээ 500 сая ам.долларт багтаан санал болгох зэрэг асуудал дээр байр сууриа нэгтгэжээ.

“Одоогийн төлөвлөгөөнд хүрэхийн тулд зайлшгүй авах арга хэмжээ болох ерөнхий зохицуулалтын гэрээг байгуулснаар бид Оюу Толгойн гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтыг ахиулах боломжтой болно. Бид оролцогч талууд, түүний дотор Монгол Улсын засгийн газар, Монголын ард иргэдэд үр өгөөжөө өгч, гүний уурхайн үйлдвэрлэл эхлэхэд Туркойз Хилл Ресурсын урт хугацааны үнэ цэнийг бий болгохоор ажиллаж байна” гэж “Туркойз Хилл Ресурс” компанийн гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгч Стив Тибо ярьжээ.

Үүнээс гадна өөр нэг асуудал бий нь АНУ-ын Үнэт цаасны зохицуулах хороон дээр үүссэн маргаан. Тодруулбал хөрөнгө оруулагчдад хувьцааны ханшид нөлөөлж болзошгүй мэдээллийг цаг тухайд нь өгөөгүй нуун дарагдуулсан, Үнэт цаасны хорооны холбогдох журмыг зөрчсөн гэх асуудлаар АНУ-ын Үнэт цаасны зохицуулах хороо, Их Британийн санхүүгийн зах зээлийн албанд ханджээ. Улмаар Санхүүгийн онц ноцтой гэмт хэргийн албанаас шалгалтын ажиллагаа эхлүүлсэн байна. Шалгалтын ажиллагааны хөндлөнгийн дүгнэлт ирэх зургаадугаар сард гарна. Энэ тухай мэдээлэл Ажлын хэсгийнхэнд хүрсэн тул хэлэлцээ эхлэхээс өмнө манай талд ашигтай мэдээллүүд гарч болзошгүй гэж Ажлын хэсгээс дүгнэж буй.

Дараа нь татвартай холбоотой асуудал бий. Татварын ерөний газар “Оюу Толгой” компанид хэд, хэдэн удаа татварын акт ногдуулсан. Гэтэл тус компани үүнийг үл зөвшөөрч, 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Лондон хотын олон улсын арбитрын шүүхэд хандаж, маргаан үүсгэсэн юм. Тус компани 2010 оноос хойш нийт 5.8 их наяд гаруй төгрөгийг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон холбогдох бусад төлбөр хураамж хэлбэрээр Засгийн газарт төвлөрүүлсэн гэж мэдээлдэг. Хэрэв Арбитрын шүүхийн шийдвэр “Оюу Толгой” компанийн талд гарвал нэг их наяд орчим төгрөгийг эргэн төлөх үүрэгтэй болно. Хөл хорионоос өмнө иргэн бүрт тарааж буй 300 мянган төгрөгийг Засгийн газар эргэн төлнө гэсэн үг юм. Төрийн санд 2021 оны хоёрдугаар сарын 25, 2021 оны гуравдугаар сарын 04, 2021 оны гуравдугаар сарын 30-ны өдөр гурван удаагийн шилжүүлгээр нийтдээ нэг их наяд 26.5 тэрбум төгрөг төвлөрсөн байна. “Оюу Толгой” төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто” компани гэхэд 2020 онд 8.4 тэрбум ам.долларын татвар, роялти төлснөөс Монгол Улсад 277 сая ам.долларыг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон холбогдох бусад татвар, хураамж хэлбэрээр төлсөн тухай албан мэдээлэлд дурджээ.

Үүнээс ноцтой нэг асуудал байгаа нь Туркойз Хилл Ресурсын хувьцаа эзэмшигч нэгэн компани Нью-Йоркын шүүхэд хандсан явдал. “Пентуотер Капитал” компани Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын хугацаа хойшилсон бодит шалтгааныг “Рио Тинто” компани нуун дарагдуулж байгаа гэж үзэн ийнхүү гомдол гаргасан юм. Тэд зарга мэдүүлэхдээ илүү нухацтай ханджээ. Чухам ямар утга агуулга бүхий зарга Нью-Йоркын шүүхэд тэд илгээх болов. Оюу Толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын хугацаа хойшилж, зардал нэмэгдсэн тэр ч бүү хэл геологийн нөхцөл байдал хүндэрсэн гэх шалтгааныг тодруулахын тулд “Рио Тинто” болон түүний гэрээлэгч компанид ажиллаж байсан 12 албан тушаалтнаас асуумж авч, мэдүүлэг бичүүлжээ. Дээрх 12 албан тушаалтнууд нь бүгд дунд шатны удирдах түвшний хүмүүс байгаа нь мэдүүлгийг илүү чамбайруулж байгаа гэж дүгнэж болно. Улмаар мэдүүлгийн дүгнэлт хэсэгт далд уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдсэн уг шалтгаан нь инженерийн чадамжгүй бүтээц, Хятадын ган төмрийн буурч буй эрэлт, хангалттай худалдан авалт хийхгээгүй зэрэг болно гэж дурджээ. Өөрөөр хэлбэл геологийн нөхцөл байдал хүндэрсэн гэдэг нь зүгээр шалтаг бөгөөд тэртээ тэргүй алдагдалтай байгаа төслийн зардлыг нэмэгдүүлэх замаар Рио Тинто компани алдагдлаа нөхөх гэж байна гэж тэд дүгнэж буй хэрэг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.181.27) 2021 оны 04 сарын 15

Уул уурхайн сайд мэргэжилтэнгүй , хууль зүйн сайд , их хурлын гишүүд яваад байгаа нь ойлгомжгүй. МАН- ын үнэлэмж ,үзэмж ийм л байна. Мэргэжлийн хэл , яриа ойлголцолд хүрч асуудал шийдэгдэнэ. Дарангуйлал , авилгал хоёроор асуудлыг шийдэж болохгүй.

0  |  0
Үнэн(64.119.27.46) 2021 оны 04 сарын 15

Сү Батболдын гар хөл Солонго чинь Риогийн хүн. гэтэл тэр хүн эсрэгээрээ ЗГ багт байгаа учраас энэ хэлэлцээр амжилттай болохгүй. Хэрэв амжилтгүй болбол Рио Тинтог гаргаж, өөр компани оруулж ирэх хэрэгтэй. Мэдээж нөгөө тал арбитрийн шүүх дээр Монгол улсыг ялагдана гэж айлгах байх. гэхдээ баялгийн эзэн тийм юмнаас айх хэрэггүй. Арбитрийн шүүх Монголын шүүх шиг авилгалд идэгдсэн, мөнгөтэйг нь ялуулдаг газар биш.

2  |  0
Bud(172.58.45.39) 2021 оны 04 сарын 15

Chadahgui ee zugeer huuj garga. Anhnaasaa avilgalaar license avsan. Avilga avsan humuus ni odoo shorond suuj baina. Yagaad ch olon ulsiin arbitrary shuuhed bid yalna.

2  |  0
иргэн(202.9.46.114) 2021 оны 04 сарын 15

Ганбаатар Болорчулуун Доржханд гэх мэт хүмүүс хэлэлцээр хийж чадахгүй ээ наад зах нь хөрс хуулалтын ойлголтгүй хүмүүс

2  |  0
Top