Сайн дураараа үерийн ус руу орчихоод “Амь авраарай” гээд байгаа хүмүүст “хохь чинь” гэх хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 25


 

Жилийн жилд үерт автан урсаж байгаа айлуудыг хараад уур хүрч байна. Хүний өмнөөс ус руу үхэн хатан яваад орчихсон юм шиг зарим нь төр, засгийнхан харж үзсэнгүй, орох оронгүй болчихлоо гэнэ. Үүнийг сонссон тухайн тойргоос УИХ-д сонгогдсон гишүүд нь давхиж очоод “Ээ, халаг минь гэж. Би та нарт тусламж үзүүлнэ. Ард түмэндээ хамгийн ойр байдаг улс төрч шүү дээ” гээд шинэхэн гэр барьж өгнө. Сүүлдээ үүнд нь амташсан гэр хорооллынхон зориуд үерийн аман дор гэрээ аваачаад барьчихдаг болсон гэнэ. Ёстой дэгсдүүлчихлээ дээ гэж бүү бодоорой. Хоёр хоног үргэлжилсэн борооноор зарим дүүрэгт газрын зөвшөөрөлгүй буусан айлууд л усанд автлаа. Үерийн далан  сэтрэх тохиолдол бий. Гэхдээ үүнийг хариуцсан байгууллага байдаг. Далан сэтэрч хохирол учруулах, хүний аминд хүрэх тохиолдолд ажилладаг тусгай бүрэлдэхүүн ч байгаа. Тэд Онцгой байдлын Ерөнхий газрын харъяанд байдаг. Харин өөрсөө сайн дураараа, амь насаараа дэнчин тавьж, үерийн далан дунд гэрээ барьчихаад аюул тохиолдоход “Амь авраарай” хэмээн хашгирч байгаа айл өрхийн хүмүүсийг яалтай вэ. Ноднингийн үер буусан их борооноор Баянзүрх дүүргийн 18, 23 дугаар хороонд яг л ийм явдал болж байсан. Дүүргийн газрын албанаас шаардаад байхад үерийн амандаа бүгээд суугаад байлаа, тэдгээр айлууд. Зарим нь бүр “Бидний амь насаа алдах алдах нь та нарт хамаагүй. Дуугүйхэн явж үз” гээд газрын албаныханыг хөөж байжээ. Сая Хайлааст, Шар хад, Толгойтод усанд автсан айлууд ч мөн газрын албаныхны тавьсан шаардлагыг эсэргүүцэж байсан гэнэ. Үерийн даланд буусан айлууд тэгэхээс тэгэх гэсэн шиг хог хаягдлаараа далангаа битүүлж орхино. Ариун цэврийн хууль мууль бол тэдэнд огт падгүй. Хорооных нь дарга нар ч тэдэнд юм хэлж чадахгүй. Хуулиа биелүүлэхийг шаардах эрхгүй шахам хажуугаар нь дуугүй өнгөрөөд байгаа дарга нарынх нь учрыг олох тун төвөгтэй. Зарим нь улаан цагаан учир байдлаа хэлж байгаа гэнэ. Айлуудад хууль дүрэм яриад, үерийн далангаас хөөгөөд байвал сонгуулиар намд нь санал өгөхөөс тэдгээр дураараа иргэд татгалзаж бас чадна, тиймээс хатуу үг хэлж огт болохгүй гэж байна. Энэ юуг хэлээд байна гэхээр монголын улс төр доошоо орно гэхэд сүүлдээ арай ч бүр дэндэж, иргэдийн өөрсдийнх нь амьд явах баталгааны дэнчин болж хувирч байх жишээтэй. Үерт урсалгүй амьд үлдсэн бол зол нь болж хувирна. Ингэж амь дүйж гарсаныхаа төлөө засаг дарга, хэсгийн ахлагч, дүүргийн дарга нарынхаа санал болгосон улс төрийн нам, хүмүүсийн төлөө санал дугуйлдаг ажээ. Ийм явдал Баянзүрх, Чингэлтэй дүүрэг хэд хэдэн удаа гарч байсан тухай нэгэн эх сурвалж хэлж байна. Монголын улс төр ийм ядуу түвшинд очжээ. Хууль хэрэгжүүлээгүйнхээ төлөө тэр айл улс төрийн ивээлээр амиа солих юм болж байна шүү дээ.

          Зүй нь дүүрэг, хорооноос нь хогоо ачуулдаггүй, хууль зөрчиж газар эзэмшсэн, үер усны далангийн дунд болон уулын үерийн аманд зөвшөөрөгдөөгүй газарт гэрээ барьсан айл өрхийг “Хохь чинь” гээд торгож байх хэрэгтэй юм. Торгоод зогсохгүй албадан нүүлгэх нь иргэдийнхээ амьд явах эрхийг хангаж буй төрийн үйлчилгээ юм л даа. Мөн зөвшөөрөгдөөгүй газарт буучихаад усанд автан “Амь авраарай” гэх тэдэнд байнга зардал гарган туслах ч хэрэггүй санагдах юм.  Албадан нүүлгэсэн айл өрхийн иргэд сонгуульд хэнийхээ төлөө, аль намыг дэмжиж саналаа өгөх нь өөрсдийнх нь л хэрэг шүү дээ.  

          1966, 1993 онд болсон үерийг манай залучууд төсөөлөхгүй байгаа байх. Эдгээр үерт өртөгсдийн зарим нь азаар усанд хөвж явсан модноос дүүжлэгдсээр амьд гарч байсан гэдэг. Тухайн үед харин өнөөгийнх нь шиг уулын үерийн ам, жалга, үерийн даланд буусан айл байгаагүй. Ялангуяа 1966 онд бол бүр ч байхгүй байсан юм. Сая харин азаар хүн амьтан сүйдсэнгүй. 30 гаруй айл усанд автаад өнгөрлөө. Бороо хур ойрдоо үргэлжлэн орсоор байх мэдээтэй байна. Сэрэмжлүүлэх гэж л үүнийг бичиж буй минь энэ.

          Ер нь тэгээд дураар авирлахыг ардчилал гэдэггүй. Харин хуулийн дор амьдрахыг л ардчилсан гээд байгаа юм. Үүнийг монголчууд маань дээр, дооргүй ойлгох цаг ч болсон доо.

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top