Чуулган: Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 22

УИХ-ын чуулган хуралдаж эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.

Энгийнээр илэрхийлбэл, энэ нь нь Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан эрхмүүд дахин нэр дэвших эрхгүй гэсэн утга бүхий Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт юм. Уг дүгнэлтийг Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд дэмжсэн билээ.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гучдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх; мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг; мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван есдүгээр зүйлийн 1, Гучдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд, дараах шийдвэрийг гаргасан билээ.

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

1.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн байна.

2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг; мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван есдүгээр зүйлийн 1, Гучдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчөөгүй байна.

3.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтын “... 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, ... уугуул ...”; мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн “50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, ... уугуул ...” гэсэн заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлсүгэй.

4.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

УИХ-ЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН АСУУДАЛ
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top