Хүүхдээ 3 нас хүрэхээс өмнө ажилд орсон эцэг, эхэд ТЭТГЭМЖ олгоно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 27

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.04.27) хуралдаанаар УИХ-аас Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

УИХ-аас Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг дагаж мөрдөх журмын талаар тодруулахад Байнгын хорооны дарга М.Оюунчимэг цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал нэгэнт хүлээн авсан тул дагаж мөрдөх журмыг боловсруулах шаардлагагүй гэсэн тайлбар хийв.

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд дараах нэмэлт, өөрчлөлт оруулахыг тусгажээ.
 

1 дүгээр зүйл. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.6 дахь хэсэг нэмсүгэй. 

“7.6. Энэ хуулийн 5.1.2-т заасан тэтгэмж авч байсан эх, эсхүл эцэг хүүхдээ 3 нас хүрэхээс өмнө ажилд орсон тохиолдолд тэтгэмжийг хүүхдээ асарч байгаа эх, эсхүл эцэгт олгоно.” 

2 дугаар зүйл. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн нэрийн “ЭХ,” гэсний дараа “ЭЦЭГ,” гэж, 2 дугаар зүйлийн гарчиг, 2.1 дэх хэсгийн “Эх,” гэсний дараа “эцэг,” гэж, 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “хүүхдээ асарч байгаа эх,” гэсний дараа “эцэг,” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын “ажилгүй эх” гэсний дараа “, эцэг” гэж, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “хүүхдээ асарч байгаа эх” гэсний дараа “, эсхүл эцэг” гэж, 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийн “тэтгэмж авах эх” гэсний дараа “, эцэг” гэж тус тус нэмсүгэй. 

3 дугаар зүйл. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“6.3. Дөрөв хүртэлх насны ихэр хүүхэдтэй эх, эсхүл эцэг нэг удаа тэтгэмж авах эрхтэй.”

4 дүгээр зүйл. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийн “хүүхдийн” гэсний дараа “эцэг, эсхүл” гэснийг хассугай.

5 дугаар зүйл. Энэ хуулийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Зүйл тус бүрийг хэлэлцэж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 57,1 хувийн саналаар дэмжжээ.

Байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцуулахаар тогтлоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ariunjargal (66.181.161.47) 2021 оны 05 сарын 01

Bna

0  |  0
Top