ЧУУЛГАН: Хоршооны тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 29

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.04.29) нэгдсэн хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг танилцуулсан юм.

Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2021 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Эдийн засгийн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.

Нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, хэсэг, заалтыг гүйцээн боловсруулж, хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулахаар Байнгын хороонд шилжүүлсний дагуу ажлын хэсгээс хуулийн зорилт нь хоршоог үүсгэн байгуулах, хоршооны гишүүнчлэл, удирдлага, зохион байгуулалт, хөрөнгө, хяналт, үйл ажиллагааг дуусгавар болгохтой холбогдсон харилцааг зохицуулах санал гаргасан, түүнчлэн, хоршоод үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу эвлэлдэн нэгдэж, хоршоодын холбоо байгуулж болох бөгөөд хоршоодын холбоо нь гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага байх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн зарчмын зөрүүтэй долоон саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн тул төслийн зарим зүйл, хэсэг заалтыг өөрчлөн найруулах, хасах зарчмын зөрүүтэй саналаар санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болохыг С.Чинзориг гишүүн танилцуулсан. Түүнчлэн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэв.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Төслийн 1 дүгээр зүйлийг “Энэ хуулийн зорилт нь хоршоог үүсгэн байгуулах, хоршооны гишүүнчлэл, удирдлага, зохион байгуулалт, хөрөнгө, хяналт, үйл ажиллагааг дуусгавар болгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон 53 гишүүний 71.7 хувь нь, төслийн 61 дүгээр зүйлийг 44 дүгээр зүйл болгож “44 дүгээр зүйл.Хоршоодын холбоо; 44.1.Хоршоод үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу эвлэлдэн нэгдэж, хоршоодын холбоо байгуулж болно. Хоршоо нь хоршоодын холбооны гишүүн байна; 44.2.Хоршоодын холбоо нь гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага байна” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3-т “нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн” заасны дагуу зарчмын зөрүүтэй долоон саналын томьёоллоор тус бүр санал хураалт явуулан шийдвэрлээд, хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар С.Чинзориг гишүүн танилцууллаа. 

Тогтоолын төсөлд хоршооны шинэчилсэн бүртгэлийг хууль батлагдсанаас хойш нэг жилийн дотор хийх; сум хөгжүүлэх санг хоршоог дэмжих чиглэлээр өөрчлөх, хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хоршоонд олгох санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгах, хоршооны нягтлан бодох бүртгэл, хууль эрх зүйн зохицуулалт, татварын орчныг улс даяар сурталчлан таниулах, хоршоог дэмжихэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгах, 2022 оныг “Хоршооны хөгжлийг дэмжих жил” болгох зэрэг асуудлаар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан зохицуулалтыг тусгасан байна.

Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа.

Байнгын хороо төслийг анхны хэлэлцүүлээр нь батлах нь зүйтэй хэмээн дэмжсэн бөгөөд эл саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 38 нь дэмжив.

Гишүүдийн олонх ийнхүү дэмжсэн тул  “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top