Дэлгүүр хэсэх алтан дүрмүүд

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 25


 

1. Ямар ч зорилгогүйгээр дэлгүүр бүү хэс. Ингэж дэмий хэссэнээр та өөртөө онц хэрэгцээгүй зүйл худалдаж авах нь гарцаагүй. Энэ бол бичигдээгүй хууль.

2. Цув авахаар явсан бол шаахай бүү худалдаж ав. Танд цув л хэрэгтэй гэдгийг сана. Шаахай бол цув биш!

3. Юм худалдаж авахдаа олон зүйл дахин дахин үзэж, сонголт хийхээсээ битгий ич. Өмсөж үзээд бай, өөрийнхөө эрснийг олтол өмсөж үз. Олон ааш гарга, төгс төгөлдөр лүү тэмүүл. Худалдагч нарын ятгалга, хуурамч магтаал, хөөрхөн царайнд нь битгий хуурт. Худалдагчийн зорилго бол танд бараагаа зарах гэдгийг санаж яв. Энэ бол тэдний ажил. Харин таны зорилго бол өөртөө төгс төгөлдөр зүйл сонгох.

4. Таалагдсан зүйлээ шууд авах гэж бүү яар. Сонгосон зүйлээ түр хугацаагаар хадгалж байхыг худалдагчаас гуйгаад цаашаа бас яваад үз. Ингэснээр та олон сайхан зүйл харж сэтгэл  ханамж аваад зогсохгүй эргэж ирээд нөгөө зүйлээ шал өөр нүдээр харах болно.

5.  Өлссөн үедээ хүнсний дэлгүүр лүү бүү яв. Өлсгөлөн ходоод тань таныг баахан хэрэггүй хүнс авахад хүргэнэ. Хүнсний бүтээгдэхүүнийхээ жагсаалтыг гаргаж байгаад аль болох хүнсний зах, худалдааны төвөөс 1-2 долоо хоногийн нөөцтэйгөөр ав. Харин талх, сүүгээ бол цайныхаа цагаар ойролцоох дэлгүүрээс авч болно.

6. Гоо сайхны бүтээгдэхүүн бол өөр хэрэг. Та аливаа гоо сайхны бүтээгдэхүүн авахаасаа өмнө танд үнэхээр зайлшгүй шаардлагатай эсэхийг эргэцүүлж нэг бод. Маск авахынхаа өмнө нүүрэндээ хэзээ хамгийн сүүлд маск тавьснаа сана. Дараа нь гэртээ бэлтгэж болох хэд хэдэн маскыг хэрэглэж үзсэнийхээ дараа энэ маскыг худалдаж авна гэж өөртөө амла.

7. Өөрийгөө эрхлүүл. Өөрийгөө хайрла. Өөртөө мөнгө битгий хайрла, таашаал авахаас бүү татгалз. Гэхдээ чухам юунаас илүү таашаал авч байгаагаа тодорхой болго. Магадгүй танд тэр шинэ шаахай огт хэрэггүй ч байсан юм билүү. Бүтэн гурван цагийг дэлгүүр хэсэхэд биш, найз бүсгүйтэйгээ цай ууж буу халахад зарцуулсан нь дээр байсан ч юмуу.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top