ЧУУЛГАН: Нийгмийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 05 сарын 13

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.05.13/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.  

Хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин нарын долоон гишүүний өргөн барьсан Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, гишүдийн олонх дэмжлээ. Тиймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

Хуулийн төслийг хэлэлцэх явцад гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.  

Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Учрал "Өнөөдрийн хуулийг зарчмын хувьд дэмжиж байна. Косметик хагалгаа хийх нь зохимжгүй. Засгийн газар нь Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмнэ гээд оруулаад ирдэг. Гишүүд нь бууруулна гээд хууль санаачилдаг. Тэтгэврийн насын наашлуулдаг, цаашлуулдаг. Сонгууль болгоны өмнө Нийгмийн даатгалын сангаар оролдож, шоу хийдэг байдлаа болих хэрэгтэй" хэмээн байр сууриа илэрхийлэв.

Харин УИХ-ын гишүүн Т.Доржханд "Халдварын хүндрэлийн үед Нийгмийн даатгалын шимтгэл, ачааллыг бууруулах нь зүйтэй. Нийгмийн даатгал, тэтгэврийнхээ шинэчлэлийг хийж байгаа бол Засгийн газар яаралтай оруулж ирэх хэрэгтэй байна. Энэ хоёр хувийг хуримтлалын санд оруулах боломж байна, энэ асуудлаа уялдуулах шаардлагатай байна" гэж ярилаа.

Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Шүүхийн шийдвэр хамаагүй. Та нар энэ арилжааны банкуудад хэчнээн тэрбум төгрөг өгөөд алдчихаад байгаа юм. Нийт хэдэн тэрбум төгрөг байна, тоог хэл. Одоо аж ахуйн нэгж, иргэдийг татвараар дарамталж унагаадаг биш, тогтолцоогоо шинэчлэх тал дээр ажиллах нь зөв. Би бол Капитал банкнаас 300-аад тэрбум төгрөгийн авлага байгаа л гэж харж байна" гэв. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Банкнаас үүссэн алдагдал 104 тэрбум төгрөг. Энэ бол "Капитал" банктай холбоотой алдагдал үүссэн байна. Шүүхийн байгууллагаас нэлээн ажил хийгдсэн. Өнөөдрийн байдлаар 1.5 тэрбум төгрөгийн авлага барагдуулсан. Одоо 102.5 тэрбум төгрөгийн авлагатай байна" гэх тайлбарыг өглөө.  

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Капитал" банкны асуудлыг хөндсөн юм. Тэрбээр "Салан баавгайн үлгэрээр Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сангийн тогтолцоотой холбоотой зүйл дээр анхаарах хэрэгтэй. Жишээ нь, Б.Ундармаагийн "Капитал" банкинд 300 гаруй тэрбум төгрөгөө алдчихсан. Яагаад энэ хүмүүст хариуцлага тооцдоггүй юм" гэх асуултыг тавилаа. 

Хариуд нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Капитал банк татан буугдсанаас хойш банкны эрх хүлээн авагчидтай 33 удаагийн уулзалт хийсэн. 28 албан бичиг хүргүүлсэн, 40 цахим шуудан хүргүүлсэн. Бид ажилласаар л байна. Шүүхийн шийдвэр гараагүй, үйл явц нь хэвээр явагдаж байгаа болохоор тодорхой хэмжээний хүндрэл учирч байна" гэв.

Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Монголбанкныхан сайн ажиллаж байгаа юм билээ. Гагцхүү шүүх дээр л гацчихаад байгаа гэж ойлгож болно" гэх нэмэлт мэдээллийг өглөө. 

Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Татвар шимтгэл бууруулах бүх төрлийн хуулийг дэмжинэ. Иргэд, аж ахуйн нэгж хүнд байна, хаалгаа барьсан. Ийм үед нэмээд ямар ч ашиггүй. Татвар нэмээд, нэмээд үр ашиггүй зарцуулдаг, үрэн таран хийдэг гэдгийг бид ойлгосон. Энэ нь хүмүүсийн дургүйцлийг төрүүлж байна, үзэн ядалтыг нэмж байна. Шимтгэл нэмэхийн оронд тогтолцооны гажигаа засах хэрэгтэй. Шинэчлэлийг эхлүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Аль болох бодитой өөрчлөлтийг хийх шаардлагатай байна. Сүүлийн дөрвөн жилийн дотор нийгмийн даатгалын шимтгэл таван хувиар нэмсэн. Иргэдийг орлогыг 10 хувиар бууруулсан. Татвар нэмэх хоббитой хүмүүс энэ намд цугларчихсан юм уу хаашаа юм. Хүнд хэцүү үед шимтгэлийг нэмэх нь буруу" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top