Топ модель Э.Одгэрэл: Би шоколаданд дурлагч

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 26

Монголын загварын ертөнцийн акул, мөнхийн залуу гэгддэг сайхан бүсгүйтэй уншигч таныг уулзуулж байна. Топ модель бүсгүйн үзэл бодол, амьдралын хэмнэл танд сонирхолтой байх буй за.

-Их нууцлаг байсан та "Авьяаслаг монголчууд" шоуг шүүж эхэлсэн нь их сонирхолтой байна. Зөвшөөрөхөд амархан байв уу?

-Гурван телевиз хамтарч шоу хийх гэж байгаа тухай мэдээлэл надад байсан. Өмнө нь телевизүүд томоохон төсөл дээр ингэж хамтарч байгаагүй учраас таалагдаж байсан. Дээр нь ямар нэг шалгуургүйгээр хүссэн хүн бүр оролцож болохыг нь сонсоод үзэгчийн хувиар таашааж байлаа. Гэтэл надтай гэрээтэй ажилладаг “Гоёо” компаниас “Энэ шоуны шүүгчээр ажиллаач” гэсэн санал тавьсан. Үнэнийг хэлэхэд би олон нийтийн өмнө ярьдаг ажил мэргэжилтэй хүн биш учраас эмээх сэтгэл төрж, өөртөө эргэлзэж байсан. Гэхдээ шүүх үед өөрийнхөөрөө байж чадсан. Найруулагч Б.Баатар, дуучин Д.Болд нартай хамтран ажиллахад амар байсан.

-Бусад шоу нэвтрүүлгийн шүүгчдээс та юугаараа өөр бол?

-Хамгийн гол нь би өөрийнхөөрөө, байгаагаараа л байсан. Бусдаас илүү байна уу, дутуу байна уу гэж бодох хэрэггүй байх. Монгол бахархлын төлөө миний гэсэн хувь нэмэр оролцож байгаа нь илүү чухал.

-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Ажил, мэргэжлийн онцлог учраас олны дунд, чимээ шуугиантай орчинд өдрийг өнгөрүүлэх нь их. Тийм болохоороо гэр лүүгээ л их яардаг даа. Хэдий завгүй өдөр өнгөрч, ядарсан байлаа ч өөртөө тааламжтай орчныг бүрдүүлж, алжаалаа тайлахыг хичээдэг. Өдөржин чөлөөгүй ажиллаж, камерийн өмнө өнжсөн ч намуухан орчинд аяга кофе ууж, дуртай амттанаа таашаан мэдрэхэд сайхан амралт болдог.

-Мөнхийн залуу Одгэрэл гэдэг нэрэндээ дуртай юу?

-Надад дотно санагддаггүй. Уг нь АПУ компанийн үйлдвэрлэдэг мөнгөжүүлсэн цэвэр усны чанарыг илэрхийлсэн сурталчилгааны мессеж байсан шүү дээ. Тэр рекламанд тоглосноос хойш л тэгж бичээд байдаг болсон.

-Та рекламанд тоглох санал бүрийг хүлээж авдаггүй байх л даа?

-Бүтээгдэхүүнээ сурталчлуулах санал маш олон байгууллагаас ирдэг. Миний хувьд тухайн бүтээгдэхүүний чанар чансаа, гэрээний нөхцөл, хөдөлмөрийн үнэлэмжийг харгалзаж үзээд зөвшөөрөх эсэхээ шийддэг.

-Танд менежер юмуу, зөвлөх байдаг уу?

-Байхгүй. Тэр байтугай имижмейкер ч байхгүй. Ямар нэг шинэлэг нөхцөл байдалд хувирч, онцлог дүр төрх шаардлага гарвал би өөрөө шийдэж ажилладаг. Загвар өмсөгч хүн ямар ч дүрийг илэрхийлэх чадвартай байх ёстой л доо. Гэхдээ хичнээн шинэлэг дүр төрхийг илэрхийлсэн ч дотоодод нь би оршиж байдаг учраас хиймэл дүр эсгэхгүй, харин өөрийгөө шинээр илэрхийлэхийг илүүд үздэг.

-Та хэд дэх удаагийнхаа "Гоёл" наадамд оролцоод байгаа вэ?

-Яг тоолж үзээгүй юм байна. 1986 оноос хойш бараг тасралтгүй загвар өмсөж байна. Тэгэхээр тоолж болох байх л даа. Ер нь тоонд биш, харин ажил мэргэжлээ ямар түвшинд эзэмшиж байгаадаа илүү анхаардаг.

-Шинэ залуу загвар өмсөгчдийг хэрхэн үнэлдэг вэ?

-Загвар өмсөгчид олноороо гарч ирж байгаа нь сайхан. Харин тэдний зарим нь зүгээр л завтай цагтаа загвар өмсдөг, эсвэл хэн нэгний нүдэнд өртөх гэж загвар өмсдөг, нөгөө хэсэг нь найз охиноо дагаад загварын ертөнц рүү орж ирсэн юм шиг харагддаг. Харин загвар өмсөгчийн ажлыг мэргэжил хэмжээнд үнэлж, хариуцлагатай хандаж байгаа нь ганц нэг л байдаг байх гэж ажигладаг.

-Тийм охидод зааж сургая, агентлаг байгуулъя гэсэн төлөвлөгөө танд байдаг уу?

-Тэгж ерөөсөө бодож байсангүй. Монголд тодорхой хэмжээгээр нэрээ гаргаж, өөрийн гэсэн школтой болсон зөндөө олон загварын агентлагууд байгаа болохоор би оролцохооргүй хангалттай гэж боддог.  

-Та шоколаданд дурлагчдын нэг гэсэн. Бүгд л дураараа идэхээс айдаг зүйл биш гэж үү?

-Нээрээ шүү, би шоколаданд дурлагч. Тэр тусмаа хар шоколадыг амтлан идэх дуртай. Бас өтгөн хар кофе миний дуртай ундаа. Би янз бүрийн гоё кофенууд чанах дуртай, "Starback"-аас эхлээд, "Наrrkrds", "Franch style", "Traditional" гээд бүтэн дөрвөн хайрцаг кофены "жоор" байгаа. Зарим хүмүүс кофе зүрхэнд муу л гэдэг. Би санал нийлдэггүй ээ. Харин ч сайхан сэргэх шиг болдог юм. Хөргөгчид хадгалсан хар шоколадыг халуун кофетой хослуулах гоё мэдрэмж төрүүлдэг. Үүнээсээ би айж байгаагүй. Ер нь би хоолыг амтархан идэх дургүй. Амтлах тусам улам их идэх хүсэл дэвэрдэг. Тиймээс зөв идэх хэрэгтэй гэж боддог. Хар талхыг элдэв хачиргүй дангаар нь мэдэрч идвэл зүгээр байдаг. За тэгээд ганц бие эмэгтэй хүн чинь тэр бүр хоол хийж идээд байх сонирхолгүй болчихдог.

-Та спортод их цаг гаргадаг уу?

-Мэдээж спортоор хичээллэнэ. Гэхдээ өөрийгөө хэт фанат хандалгүйгээр ачааллаа тохируулдаг. Харин бассейнд 50 метрийг амралтгүй туулдаг сайн сэлэгч. Аэробек, бодигоор хичээллэж үзээгүй. Харин арьсаа тордож саунд л их суудаг даа.

-Та цуглуулгатай юу?

-Лаа ихэвчлэн цуглуулдаг. Галын дөл өөдөө гэдэг болохоор их билэгшээлтэй эд гэж боддог.

-Хувцас байх гэж бодсон?

-Тэр бол мэдээж л дээ. Гоёлын даашинзны цуглуулга байгаа. Гэхдээ хамгийн сонирхолтой цуглуулга маань гутал. Одоо бараг гутлын үзэсгэлэн гаргахаар хэмжээнд хүрээд байгаа.

-Та ямар үед будаггүй байх дуртай вэ?

-Гэртээ байхдаа. Ер нь би зураг авалтаас бусад үед будсан ч аль болох будаггүй мэт хөнгөн байлгахыг хичээдэг. Нэг хэсэг "Lancome", "Кристиан Диор"-ын бүтээгдэхүүн хэрэглэж байсан, одоо бол "Сlinique"-г хэрэглэж байна.

-Дотуур хувцасны сонголт?

-Загварын бид үргэлж л тайлж, өмсөж явдаг болохоор төрөл бүрийн дотуур хувцас цуглуулчихсан байдаг. Би гэрэлтсэн сиймгэр чамин дотуур хувцас илүүтэй сонгодог.

-Дэлгүүр хэсэх дуртай юу?

-Дуртай, бас үрэлгэн гэж болно. Мөнгийг гартаа атгасан л бол 500 ч байсан, 50 төгрөг ч байсан үрж л санаа амардаг. Бэлгэнд дуртай болоод ч тэр үү, гоё юм харвал хүнд бэлэглэмээр санагдаад л авчихдаг.

-Гэртээ үйлчлэгчтэй юу?

-Одоогоор надад гэрийн үйлчлэгчийн шаардлага гардаггүй. Үнэндээ ч юугаа цэвэрлүүлнэ гэх вэ дээ. Би бүх юмыг өөрөө л хийхгүй бол бусдын хийснээр сэтгэлд хүрдэггүй юм.

-Завгүй ажиллаад гэрийнхээ бүх л ажлыг амжуулаад дээр нь өөрийгөө ийм гоё авч явдгийн нууц нь юу вэ?

-Эмэгтэй хүн бүр л ингэж амьдардаг шүү дээ. Ер нь олдсон цаг хугацааг өөртөө үр дүнтэй зарцуулахыг хичээдэг. Гол нь хийж байгаа зүйлээсээ таашаал авах нь миний хувьд хамгаас чухал. Ваннд орлоо гэхэд нэг гоё лаа асаагаад, вино шимж, хөгжим тавиад юм бодох их гоё байдаг. Тэрний дараа ямар ч их ажлын ачаалал ядаргаа хийсээд алга болдог. Ер нь ванны гоё хөөснүүдэд дуртай.

-Та ээж, аавынхаа хэнтэй нь илүү адилхан бэ?

-Багадаа аавтайгаа их төстэй байсан. Харин нас яваад би ээжтэйгээ их адилхан болоод байгаа юм шиг санагддаг. Ээж маань кино үйлдвэрт насаараа ажилласан зөөлөн сэтгэлтэй, өрөвч хүн байсан юм. Би ээжийн эрх танхи охин байсан учраас ажил дээр нь очих их дуртай. Зундаа ээж минь ажлынхантайгаа хамт кино зураг авалтанд явчихна. Би бас л хамт явна. Тэр үед намайг өвөрмөц царайтай гээд "Вьетнамын дайны үеэр чамайг олж авсан юм" гэж кино үйлдвэрийн хүмүүс цаашлуулдаг байсан санагдаж байна.

-Та хол ойрыг хэр төлөвлөдөг вэ?

-Бараг үгүй дээ. Надад элдэв жор, нарийвчилсан төлөвлөгөө байдаггүй. Эмэгтэй хүнийхээ хувьд ч мэргэжлийнхээ шаардлагаар ч хамгийн түрүүнд өөртөө цаг гаргахыг л чухалчилдаг.

-Та гунигладаг уу?

-Би их гутранги сэтгэлтэй, амархан гунигладаг хүн. Уйлах, гуних маань их амархан болохоор тэр хэрээр сэтгэлээр унах үе гардаг. Тийм үед ихэвчлэн ганцаараа байж эргэцүүлэн бодох дуртай. Заримдаа найз нартайгаа ярьж суухаар гуниг үргэсэн байдаг.

-Хэн нэгэн эр танд гуниглах зав өгөхгүйгээр жаргаая гэвэл зөвшөөрөх үү?

-Хэлж мэдэхгүй байна. Хайр сэтгэлийн асуудал тал дээр би их сэтгэл дагаж амьдардаг хүн шиг байгаа юм. Тэгэхээр тэр хүний сэтгэлийг л харах байх даа.

-Та охиноо урлагийн хүн болгох уу?

-Энэ сонголтыг би хийхгүй нь мэдээж шүү дээ. Охин маань өөрийнхөө хувь тавиланг сонгох биз. Одоогоор бол төгөлдөр хуураар таван жил хичээллэж байгаа. Цаг үеэ дагахад хөгжмийн ямар ч урсгалыг сонирхож болно. Харин хөгжмийн суурь боловсрол нь сонгодог хөгжим байгаасай гэж би хүсдэг учраас үүнийг нь дэмждэг. Багш нь ч магтаж сайшаадаг болохоор надад их урамтай байдаг.

Эх сурвалж: Хүмүүсийн амьдрал сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top