Zindaa.mn сайт яруу найргийн буландаа Мөнгөн үеийнхний уран бүтээлээс сорчлон нийтэлж байгаа билээ.
Найраг шүлгийн уянгын цэнхэр давалгаа мөнхөд ундран долгилж, бадран өрнөх болтугай!
Эрх чөлөөний орон гэж юуг хэлэх вэ гэвэл би огтхон ч түгдрэлгүйгээр “Эхийн хэвлий” хэмээн хариулахсан
Б.Ичинхорлоо
Бодол
Улирал бүхэн зун шиг биш дээ, ямар
Уйтай дуутай орчлонд цагийн өнгө солигдоно
Учрал бүхэн үүрдийн биш дээ, тавилан минь
Үйлтэй галтай сэтгэлд бодлын хүрд эргэлдэнэ
Ганцхан дусал нулимс ямар үнэтэйг мэддэггүйдээ
Гадаа шиврэх бороог хурмастын нулимс гэж хэлсэн юмуу
Ганцаар тууламгүй хорвоод гуниглана чинээ санаагүйдээн
Гавьяа алдрын замдаа нөхрөө гээдэг болсон юмуу
Төөрөлдсөн хувь заяандаа гундаж уйлсан хүнийг
Түшиж өндийлгөсөн буян олон билүү дээ, та минь
Амьддаа нэг уйлж үзээгүй хүмүүн
Алагхан хорвоогийн хаахна багтана, хөөрхий
Намуун хорвоод нулимс дутсан юм гэж үү дээ, заяа минь
Намрын модод өдөржин шөнөжин навчсаараа уйлах юм
Насны хэмжилгүй тавилан буй билүү дээ, замбуулин минь
Нам гүмхэн шөнийн тэнгэрээс од харвах юм
Ноён тэнгэрийн азарган бороонд хичнээн норсноо мартжээ
Нойтон сормуустай нүдийг чинь сэтгэлээсээ гаргаж чадахгүй нь
Золгүй бүхнээс хагацаад дахин төрөхдөөн би
Зовлон хэлдэггүй домгийн шувуухай болноо
-------------------------
Цэл залуугийн минь гунигийг юу ч орлохгүй
Цэвэр ариун яг л шүүдэр мэт бардамхан гуниг
Хэн ч надаас булаахгүй аугаа эрх чөлөө
Хэзээнээс намайг эзэмдсэн аниргүйн суу алдар аа
Бусдад бэлэглэх дургүй нил хар эрдэнэ минь
Буцааж өгөх өргүйдээ чамд би баярладаг
Хавар болж хүмүүс баясахын цагт
Харин чи намайг чимээгүй шилтгээндээ урьдаг
Анхил залуугийн минь гуниг гэдэг
Арвайхээрийн гудамжинд бороо асгарахтай адилгүй
Идэрхэн танхи насны гунигаа мартана гэдэг
Их л хурын дараа тэнгэр уужрахтай ижилгүй
Хэнээс ч гуйж олоогүй зоргоороо алтан хором
Хэтэрхий дурлагч миний цайлган давилуун үе
Цэл залуугийн минь гунигийг юу ч орлохгүй
Цэвэр ариун яг л шүүдэр мэт бардамхан гуниг аа...
Тэнгэр
Миний Монголын тэнгэрийг исгэх гэж
Бусдын од харвадаггүй
Миний Монголын тэнгэрт эрхлэх гэж
Бусдын од шохоорхдог юм
Миний Монголын тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Миний Монголын тэнгэрт өссөн бүргэд
Будант газар ясаа тавьдаггүй ээ
Идэр залуу бүргэд
Идэр залуу бүргэд элин халин ниснэ
Энд чиний буух газар биш
Ид хавыг чинь биширч, малгайгаа авч мэхийдэг ч
Энэ газрын хүмүүс чиний нөхөр биш,
Идэр залуу бүргэд эгц шумбан дайрна
Эрчит жигүүрийнх нь салхинд зусар үг хүчгүй
Ихэмсэг хурц харцнаас чинь үхлээс илүү айна
Эндэх газрын хүмүүст бүү итгэ, Бүргэд ээ
Идэр залуу бүргэд шуурга сөрөн ниснэ
Ийм бардам занд эндэхийн хүмүүс дургүй
Чигээрээ алсалж, гэвч нутгаа бүү орхи
Чи бидэн хоёрт эх орон ганцхан
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )