Б.Батдаваа: Хүн амын 2020 оны тооллогод 4.7 тэрбум төгрөг зарцуулсан

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 05 сарын 21

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.05.21/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн дөрөвдүгээр сард ирүүлсэн Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүн -ийн талаарх мэдээллийг сонслоо. Хүн амын тооллогыг долоо хоногийн хугацаанд явуулжээ. Уг ажлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж явуулсан байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хүн ам 3 сая 296 мянга 866 хүрсэн байна. Хүн амын 3.7 хувь нь гадаадад ажиллаж, амьдарч байгаа аж. Улсын хэмжээнд 106 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Өрхийн ам бүлийн дундаж тоо 3.6 байна. Хүн амын 87.8 хувь нь гар утас хэрэглэж байгаа бол нийт хүн амын 59.7 хувь нь ажилах хүчинд багтаж байгаа талаар хэллээ. Нийт өрхийн 38.2 хувь нь гэрч, 60.9 хувь нь байшинд амьдарч байна.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Монгол Улсын Засгийн газраас 2020 оны хүн амын тооллогыг явууллаа. Хүн амын тооллогыг зохион байгуулснаар хүн ам, нийгэм хийгээд эдийн засгийн хөгжлийг бодитой дүгнэхэд ач холбогдолтой юм. Өрхийн тоо 897427 болсон байна. Хүн ам дунджаар хоёр хувиар өссөн байна. Тооллогоор гарсан үр дүнгээс харахад Монгол Улсын хүн амын дийлэнх нь залуу хүмүүс байна" хэмээн мэдээлэлдээ тодотголоо.  

Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Улаанбаатар хотод гэр хороололд хэчнээн өрх, хүн амьдарч байна вэ" гэх асуултыг тавилаа. Хариуд нь Үндэсний статискийн хорооны газрын дарга Б.Батдаваа "Хүн ам, орон сууцны тооллогыг 2010 онд 5.7 тэрбум төгрөгөөр явуулж байсан. Харин 2020 онд 15.7 тэрбум төгрөг төсөвлөсөн ч мэдээллийн дэвшлийг ашиглаж 4.7 тэрбум төгрөгөөр тооллогыг хийсэн. Гэр хороололд 342 мянга 409 өрх амьдарч байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top