Дуучин К.Номинжин: Аав, ээж, бид гурав яг нэг хүн шиг. Хүсэл сонирхол, зорилго, үзэл бодол нэг

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 26

 

 Насандаа баймгүй хөдөлмөрч, чамбай зантай Номинжин өөрийгөө ховорхон заяатай хүн гэж тодорхойлсон. Хар багаасаа бясалгаж эхэлсэн болоод ч тэр үү, түүний ертөнцийг үзэх үзэл нь бусдаас үнэхээр өөр юм билээ. Амьтны амь таслах нь битгий хэл, махан хоол ч иддэггүй. Танд дуучин Номинжинтой ярилцсанаа хүргэе.

-Номинжин гэдэг нэр чамин сонсогддог. Нэрнийхээ түүхийг сонирхуулаач?

-Уг нь анх надад Номин гэдэг нэрийг өгсөн юм л даа. Харин би жаахан байхдаа өөрийгөө Номинжин гэж бусдад танилцуулдаг байсныг манай гэрийнхэн ярьдаг юм. Тэгэхээр энэ нэрээ би өөрөө өөртөө оноож өгсөн болж таарч байна.

-Тэгвэл багаасаа л адтай охин байсан байх нь. Ингэхэд аль аль улсад сурч байсан бэ?

-Энэ асуултанд тэр үед намайг хүрээлж байсан хүүхдүүд, хүмүүс сайн хариулах байх л даа. Мэдээж тэдний хариулт нь хоорондоо тун ялгаатай байх байлгүй. Магадгүй зарим нь "хөдөлгөөнтэй охин байсан" гэхэд, зарим нь "Үгүй, даруухан байсан" гэх ч юмуу. Ер нь ямар ч хүн их олон янзын байдлаар хүмүүсийн нүдэнд өртдөг. Тэгээд тухайн ганц үйлдлээс нь үүдээд тэр хүн ямар вэ гэдэг тодорхойлолтонд бусад хүмүүс хүрчих тохиолдол байдаг. Зарим хүмүүс намайг биеэ даасан гэсэн дүгнэлтэнд хүрсэн байхад, харин зарим хүмүүст би юм хийж мэдэхгүй хүүхэд шиг харагддаг байж болно. Хүн өөрөө ч өөрийнхөө ямрыг яг бодитойгоор нь олж харж чаддаггүй юм шиг санагддаг. Бүх зүйл харьцангуй юмаа. Тэгэхээр би эцсийн эцэст хэн юм бэ гэдэг асуултын тэмдэг чигээрээ үлдэнэ. Харин амьдралын философи маань бусдыг хайрлаж, хүндлэх дээр тогтож байгаа. Өрнө, дорны "Бусад хүнийг өөртөө яг яаж хандуулмаар байна, түүн шигээ бусдад ханд" гэсэн цэцэн зөвлөгөөг дагахад хэцүү ч гэсэн маш зөв юм байна аа гэдгийг ойлгосон.

-Анх хэдэн настайгаасаа бясалгал хийж эхэлсэн бэ. Бясалгал хийснээрээ чи юуг мэдэрдэг вэ?

-Би Энэтхэгт байхдаа бодийн сахил Дээрхийн гэгээн Далай лам багшаас хүртэж, 7-8 настайгаасаа эхлэн өдөр бүр наад зах нь 30 минут эрх тоолж, маани уншиж, нинжин сэтгэлийг өөртөө үүсгэн бясалгадаг байсан маань нэг төрлийн бясалгал болдог байсан. Аалз, хорхой ч алахыг хатуу цээрлэдэг байсан. Тэгээд Монголд ирсэн жилээ амьдрах ухааны бясалгалын хүүхдийн хичээлд хамрагдсан юм. Төгс гэгээрсэн Их багш Чин Хай бол миний оюун санааны багш. Аръяабалын номын цогцын сэтгэлийн абшгийг хүртсэнээр ертөнцийн нууцад нэвтэрдэг юм. Ер нь бясалгал болгон янз бүр, харин энэ бясалгалыг хийснээр өөрийнхөө жинхэнэ мөн чанар болох гэгээлэг ариун  чанартайгаа холбогдож, үргэлж амар амгалан аз жаргалтай байдаг. Уур, атаа шунал зэргээс салчихаар ажил үйлс өөрөө аяндаа бүтээд Багшийн аврал, Бурхдын адислалаар санасан бүхэн сэтгэлчлэн бүтдэг. Наад зах нь ийм юм мэдрэгддэг. Цаашлаад гэгээрсэн багштай, багшийнхаа сургаалийг дагадаг хүн хэзээ ч алзахгүй гэдэг нь амьдралын алхам тутамд мэдрэгддэг юм. Бясалгалын орчны тухайд бол мэдээж хэрэг цэвэр агаартай, дуу чимээгүй байвал сайн гэдэг. Гэхдээ манай номын цогцыг хаана ч баясалгаж болдог. Би худал ярихгүй сахилтай хүн. Чин Хай багш маань дурсахын төдийд л намайг аврах тийм их хүчтэй учраас ямар ч орчинд бясалгаж л байвал өөрт сайн байдаг юм.

-Өдөрт хичнээн цаг бясалгал хийдэг вэ. Хүмүүс чамайг уран бүтээлийнхээ

хажуугаар яаж амжуулдаг бол гэж сонирхож байгаа байх?

-Бясалгал хийснээрээ бүр илүү ихийг хийх эрч хүч олж авдаг. Зарим бясалгагч нар ердөө 2-3 цаг унтаад, бүхэл шөнөжин бясалгачихаад өдөржингөө ажлаа амжуулах нь бий. Харин Аръяабалын абшигтнууд өдөрт доод тал нь хоёр цаг хагас бясалгал хийх ёстой байдаг. Боломжтой үедээ бол 5-6, бүр 9 цаг ч бясалгаж болдог. Миний хувьд бичлэгт орохын өмнө заавал бясалгадаг зуршил тогтсон.

-Мэдээж бясалгал хийдэг хүмүүс хоол хүнсэндээ их анхаардаг. Ямар хүнс голлодог вэ. Бас бясалгал хийхдээ тусдаа хувцас өмсдөг үү?

-Би өөрийн сахилд нийцүүлж, амьтны амь хөнөөлгүйгээр бэлтгэсэн хүнс хэрэглэдэг. Амь үл хөнөөх сахил бол жинхэнэ утгаараа өөрөө амь үл хөнөөгөөд зогсохгүй бусдаар ч бас хөнөөлгөхгүй байхыг багтаана. Хар ухаанаар бодоход хүртэл "Би нүгэл үйлдмээргүй байна. Чи очоод мал гаргаад өгөөч" гэх нь адилхан л амь бүрэлгэхэд оролцож байгаа хэрэг шүү дээ. Алж байгаа хүн нь мэдээж идэж байгаагаасаа илүү их нүгэлтэй. Би үхэхээр чи үх гэж үүнийг л хэлдэг байх. Харин хувцасны хувьд гэвэл биед амар чөлөөтэй хувцас байхад л болчихно.

-Ингэхэд ээжийнхээ гал тогооны болон гэрийн ажилд хэр туслалцаа үзүүлдэг вэ?

-Би гал тогооны ажлыг ээжийн юмуу, эсвэл ганц эмэгтэй хүний ажил биш, гэр бүлийн бүх гишүүдийн үүрэг гэж үздэг. Аав ээжээс илүүтэй олон янзын хоол хийж гал тогоогоо байнга цэвэрлэдэг. Манай гэрт хэн завтай нь гэрийн ажлаа хийдэг журамтай. Харин харамсалтай нь би өөрөө гэрээсээ хамгийн завгүй нь болохоор аав, ээждээ хангалттай тусалж чаддаггүй.

-Ээж, аав хоёр тань чиний уран бүтээлийн төлөө Америкаас Монголд ирсэн гэсэн. Тэдэнд ийм шийдвэр гаргахад ямар байсан бол?

-Би ховорхон сайн эцэг эхтэй учирсан хүүхэд. Тэр хоёр хоёулаа намайг өөрсдийнхөө хүүхэд гэхээсээ илүү энэ хорвоод өөрийнхөө үйлээр төрсөн бие даасан хүн гэж үздэг. Тийм ч болохоор тэд намайг муу муухайгаас хамгаалж зөв шударга хүмүүжүүлж, хүсэл эрмэлзлэлээ биелүүлэхэд минь бүх талаар дэмжиж, тусалж, тэжээж, өсгөх үүрэгтэй болохоос биш, өмчилж өөрсдийнхөө бодлыг нялзааж "Эмч бол, инженер бол" гэдэггүй. Тэр ч бүү хэл, намайг боловсролын үнэмлэх, диплом ав гэж ч шаарддаггүй. Аль ч улсын ямар ч хүнд энэ их сонин санагддаг юм билээ. Ээж намайг "Чи надаас төрөөгүй, надаар дамжиж төрсөн. Биеийг чинь төрүүлснээс ухааныг чинь төрүүлээгүй" гэдэг. Тиймээс л тэд эцэг эх болсныхоо үүргийг биелүүлж миний ашиг сонирхлыг энэ гэрийн хамгийн чухал зүйл гэж л Монголд ирсэн. Өөрсдийнхөө нэр төр, албан тушаалыг хайхралгүй 13 настай хүүхдийнхээ төлөө ингэж ирэхийн тулд хүн хэр оюунлаг байх ёстойг хүмүүс гадарлах байх.

-Номинжингийн ээжийг их сайн дуулдаг гэж сонссон. Харин аав тань дуу хөгжимд хэр вэ?

-Манай аав хөгжмийн талын хүн биш. Хэрвээ аав дуу дуулвал хүмүүсийн чих өвдөж гарч зугтаана. Харин ээж бол 17 насандаа л эстрадын дуу дуулаачдын   улсын уралдаанд түрүүлж, Болгарын консерваторид уригдаж байсан дуучин гэдгийг тухайн үед дуугаа дуулуулж байсан хөгжмийн зохиолч Пүрэвдорж ах, мөн ээжийн үеэл, ая зохиогч Оргил, Гантөр гээд манай мэргэжлийн хөгжимчид, бас дуучин Ариунаа, Оюунбилэг эгч нар ч андахгүй.

-Ингэхэд ээжтэйгээ яг л найзууд шиг харьцдаг юм шиг санагдсан. Айлын ганц охин байх олон талтай байдаг биз?

-Миний хамгийн сайн найз, үнэнч зөвлөх, номын эгч бол ээж минь юм. Бид хоёр нэг номын цогцоор бясалгадаг болсноос хойш зовлон, жаргалаа бүр ч илүү ойлгодог болсон. Нэг гэр бүлд хүмүүс үйлийн үр, өр төлөөсөөр учирдаг. Харин нэг номын цогцоор бясалгаж номын эгч нар болсноор бидний бие биеэ үл өмчлөх зарчим улам гүнзгийрсэн. Аав, ээж, бид гурав гар утсаа дундаа хэрэглэдэг, и-мэйлүүд цөм нэг нууц үгтэй. Бие биенээсээ нууж хаах юм нэг ч байдаггүй. Яг нэг хүн шиг. Хүсэл сонирхол зорилго нэг, үзэл бодол нэг.

-Тэгвэл ээжтэйгээ хамтдаа shopping хийдэг байх?

-Ээжийн  маань хамгийн дургүй ажил дэлгүүр хэсэх. Орост оюутан байхдаа хотынхоо их дэлгүүрт 2-3-хан орсон гэдэг. Тэгээд ч завгүй байдаг. Харин аргагүйн эрхэнд ажлын шаардлагаар явна аа.

-Ямар стилийн хувцас сонгодог вэ. Харахад их энгийн даруухан юм шиг санагддаг?

-Ээж, аав хоёр онцгой тохиолдлоос бусад үед маш энгийн хувцасладаг. Бүр гадна талдаа огт анхаардаггүй. Номыг хавтсаар нь дүгнэхгүй гэдэг. Би ч бас тийм л дээ. Гэвч ажил маань тэс ондоо шаардлага тавьдаг болохоор заримдаа гоёх хэрэгтэй болно. Өөрийгөө гэхээс илүү бусдыг хүндлэх шаардлагын улмаас тэр. Уг нь бол хэв маягт баригдахгүй санаатай.

-Магадгүй хүүхэд нас тань их хариуцлагатай, бусдаас өвөрмөц өнгөрсөн шиг санагддаг уу?

-Хариуцлага ихтэй боловч үеийнхээ зарим найз нараас хавьгүй илүү эрх чөлөөтэй, өөрийнхөө хүссэнийг хийж байгаа болохоор сайхан байдаг. Найз нарт маань эцэг эх, багш нар нь илүү боломж олгоосой гэж байнга бодогддог.

-Өөрөө эрх үү. Аль эсвэл...?

-Би хүссэн бүхнээ хийдэг болохоор эрх дураараа хүүхэд мөн. Харин эрх чөлөөг дагаад асар өндөр хариуцлага ирдэг тул тийм ч хүсэх юм биш. "Чамайгаа алдмааргүй байна" жүжгийн дуу гэхэд л гурван хүн оролцсон болохоор хоёр шөнө дараалж оройноос өглөө болтол ажилласан. Тэр үед ядарч байна гэж дуугарах эрх байхгүй. Хүссэн юм хүзүүгээр гэдэг л болдог.

Эх сурвалж: Монголын нэг өдөр сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top