Zindaa.mn сайт яруу найргийн буландаа Мөнгөн үеийнхний уран бүтээлээс сорчлон нийтэлж байгаа билээ.
Найраг шүлгийн уянгын цэнхэр давалгаа мөнхөд ундран долгилж, бадран өрнөх болтугай!
Миний шүлгийн ундарга бол ижийн хэвлий, ижийн мөөм хоёрын дунд амссан бүлээн бүхэн
Г.Мөнхцэцэг
Арван зургаан насны намар
Шар торгон дээлэндээ
Шүүдэр бөнжигнүүлсэн дурдан бүстэй намар
Арын толгодод хяруу өлгөж ноолоход
Арван зургаан нас минь хормойд нь зүүгдэж хоцорно
Ижийн өргөсөн сүүн замаар шувууд зэллэж
Ирэх цагийн өнгөнд хувилж нуугдсаар л одно
Өлмий гижигдсэн нутгийн минь чулууд жиндүүлж
Өнчин цагаан нуур сарны гэрэлд мэлмэрнэ
Сэрчигнэх модод навчсаа үдэн уйлалдахуй
Зүрхэнд тогтолгүй урссан хөнгөн гуниг тэр л намрынх
Сэтгэлд шургасан халуухан үгнээс иччихээд
Зүсэнд ч хорогдолгүй зугтсан хийтэй санаашрал тэр л намрынх
Аяа, арван зургаан насны минь намар
Аргадмаар, сөгдмөөр зөөлхөн байсан даа
**************************
Холоос ирэх шувууд гуниг далласаар одох юм
Хоёр нүдний мэлмийд нулимс дүүргээд буцах юм
Хэний нутгийн нууранд очоо бол доо, та нар
Хэдэн нь харин эргэж ирэх бол доо, хөөрхийс
Нууцгайхан сэтгэл гэгэлзээд
Нуугдмаар, нуугдмаар болох юм
Нуугаад хэлээгүй үгэнд нь
Нулимс амтагдаад байх юм
Зүггүй нэгэнд нь гомдож яваа шувуудыг
Зон холын гаригт ямархан асуулттай угтах бол
Зүйдэлгүй цаасан дээрх хайрын үгс
Зүрхэнд очихдоо халуун байдгийг би мэдлээ
Битүүхэндээ шивнэлдэх голын урсгал
Бие биесээ дэрлэн хоржигнохуй
Хавирган сар үүлэн цаанаас ичингүйрч
Хайрын хорвоо нам гүм
Бодолд минь сэтгэлийн сүү хөөрөн дэвэрч
Болох болохгүй бүхнийг оддоос л асууж зогсоно
Хаа нэгэнтээ нь миний од бий
Хайртай гээд шивнэсэн
Хэн нэгний од ч бас байгаа
Газар дэлхийн аялгуу бүхнийг
Гараг ертөнц, тэнгэрийн эрхэс сонсож байгаа
Гарцаагүй намайг явахад хэн нэг нь минийх биш гэж нулимна
Ганцхан бнадад хайртай од уйлах ч юм билүү
Орчлон гэж бөөрөнхий юм хойно доо
Одод ч гэсэн бие биедээ хайртай ч байдаг юм билүү
Харц
Сэм, сэмхэн алхсаар түлхүүрийн нүхээр шагайхад чинь
Сэртхийхдээ би нүдийг чинь ч олж хараагүй ээ
Нарны алтан утас бүхлээрээ шургавч багтамгүй нүхээр
Намайг чи лав бүтнээр нь олж харсан байж таарна
Тэгэхэд хацарт халуу шатаж, халаасанд захидал тийчигнэж
Нар хүртэл ичихдээ үүлээр халхалж байсан ч
Намайг харин чамаас хэн ч халхалж чадаагүй
Тэгэхэд салхи имхэрдээд багтаагүй тэр нүхээр
Намайг чи харах гэж гүйхдээ
Сүүдрээсээ өөр нэгэн хөл
Солбиж явааг мэдээгүй байж таарна
Дэрвэлзэх сормуусаараа тоос алгадаж зогссон ч
Дэндүү халуун хайрандаа цангасан байж таарна
Хулгайллаа шүү, би чамайг
Хайрласан бүсгүйгээс чинь
Хацрыг чинь хулгайллаа
Хаашаа ч явахгүй шүү, чи
Ханцуйгаараа норгож арчлаа
Үс гэзгээр чинь оролдож
Үймүүлж хааяа тоглоё юу гэсийм
Хайртай гэж чихэндээ шивнүүлж
Худлаа жаахан хэлүүл юү гэсийм
Учирсан бүсгүйгээс чинь
Уруулыг чинь хулгайллаа, би
Улаахан будаг, удаан үнсэлттэй нь
Уулзуулахгүй шүү, би зүрхэндээ цоожиллоо
Хөг ордоггүй хөгжим гэж байдаггүй юм
Хөмсөг, сормуус хоёрыг чинь магтъя л гэсийм
Хүүхэн болгон ямар үнэнч байх биш
Хүний юмаар жаахан гоё юу л гэсийм, би
Цагаахан цамцан дороос чинь
Цээжийг чинь хулгайллаа, би
Эмсийн үнэр, эрээн зангиатай чинь
Эвхэж шатаалаа, би цээжин дотроо
Эр хүн ямар чам шиг төрөх биш
Энгэрийг чинь налж, жаахан дуулюу гэсийм
Үгээр ямар цадах биш дээ, би
Үнэнээсээ чамайг оргуулъя юу гэсийм
Нүдээрээ чи инээгээд л байвал
Насаараа чамайг хулгайллаа шүү, би
Найрагчийн зүрхэнд ассан гал
Намдана л гэж үгүй дээ
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )