Орон нутгийн иргэд амьдрал дээр төрийн бодлого үгүйлэгдэж байгааг дуулгав

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 27

Цар тахлаас үүдсэн хөл хориог орон даяар сулруулж, нийт иргэдээ вакцинжуулах аяныг өндөр түвшинд зохион байгуулж байна. Энэ цаг үед орон нутгийн иргэдийн амьдрал ахуй ямар байгаа юм, орон нутгийн удирдлагууд хэрхэн ажиллаж байна, тойргоос сонгогдсон гишүүд, өрнөж байгаа бүтээн байгуулалт, Төрийн бодлого гэсэн хүрээнд зарим аймгийн иргэдээс байр суурийг нь сонирхлоо.


Ховд аймгийн Буянт сумын иргэн Х.Насанжаргал:

Цагийн цагт УИХ-ын гишүүдийн бодлого малчид бидэнд хүртээлгүй явж ирсэн гэвэл хатуудсан болохгүй байх

Урин цаг ирж, саяхан ноолуураа авсан учраас малчдын амьдрал харьцангуй гайгүй байгаа ч бараа бүтээгдэхүүний үнэ хэтэрхий өссөн. Хөл хорио өвчин зовлон гээд УИХ-ын гишүүд байтугай ахан дүүстэйгээ ч уулзаж чадахгүй юм. Гэхдээ манай аймгаас сонгогдсон гишүүд шагнал гардуулаад нэг ирсэн дуулдсан. Өвчин зовлон гайгүй болвол амьдрал ч сайжрах байх. Ерөнхийдөө хөдөөгийн бид чинь УИХ-ын гишүүд, аймгийн дарга нарын юу хийж байгааг тэгтлээ сонирхоод байдаггүй юм даа. Аймаг орохоор барилга байшин барьж байгаа харагдах юм, тэгэхээр бүтээн байгуулалт өрнөж байгаа хэрэг. Цагийн цагт УИХ-ын гишүүдын бодлого малчид бидэнд хүртээлгүй явж ирсэн гэвэл хатуудсан болохгүй байх. Үүгээрээ юу хэлэх гэж байна вэ гэвэл малчдад төрийн бодлого үгүйлэгдэж байгааг л хэлсэн хэрэг. Уулын мухарт хэдэн малчид хувь хувиа хичээн чармайж ирлээ. Сонсож байхад төрөөс янз бүрийн бодлого гаргалаа, малчдаа харж үзлээ л гэж байх юм. Илэрхий мэдэгдээд амьдрал дээшлээд байгаа зүйл бол алга. Цаг нь болоогүй юм байлгүй дээ. 

Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэн Д.Өлзийтогтох:

Ганц ажиллаж байсан төмөрлөгийн үйлдвэрээ хаачихаад Хятадын дөрвөн үйлдвэр ажиллуулж байна

Шуудхан хэлэхэд манай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд туйлын хангалтгүй ажиллаж байна. Санал хүсэлт ч хүлээж авдаггүй гурван гишүүн бий. Хэдэн жил дараалан хандлаа, тоосонгүй. Дархан-Уул аймагт үндсэн ажиллаж байсан бүх үйлдвэр зогссон учраас ажилгүйдэл ихэссэн. Сүүлийн жилүүдэд тэсэж үлдсэн ганц Төмөрлөгийн үйлдвэрээ хүртэл ажиллуулж чадахаа больсон.

Тиймээс Хятадын дөрвөн үйлдвэр ажиллаж байх жишээтэй. Саяхан Ерөнхий сайд ирээд явахдаа “2035 онд гэр хороололгүй болно” гэнэ. Гэтэл өдрөөс өдөрт ажилгүйдэл нэмэгдэж, гэр хорооллын хаяа хязгаар хүрээгээ тэлсээр байна. Ингэж байхаар утаагүй түлшний үйлдвэр байгуулах тухай ярих нь зүйд нийцнэ. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Махны үнэ гэхэд 16 мянган төгрөгт хүрсэн. Цоо шинээр төрийн бодлого гаргахгүй бол явахаа болилоо. Тэр тусмаа “Аж үйлдвэрийн хот” нэртэй олон үйлдвэр ажиллаж, бүтээн байгуулалт өрнөж байсан энэ аймагт Төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй байна. Засаг дарга нь аймагтаа сумын даргаар ажиллаж байсан хүн. Тэндээс шинэ зүйл харах ямар ч боломжгүй, тэр юу хийх юм.

Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн Х.Мөнхсайхан:

Орон нутгийн удирдлагууд тун тааруу ажиллаж байна

Орон нутагт тулгамдаж байгаа асуудал бол ажилгүйдэл, байгаль орчны бохирдол байна даа. Утгаа алдлаа. Манай аймгаас сонгогдсон гишүүд бас  чиг муугүй л ажилладаг гэж боддог. Ард иргэдийнхээ үгийг сонсож зөвлөж байгаа харагддаг. Дорвитой зүйл бол алга. Харин аймгийн удирдлагуудыг тун тааруу ажиллаж байгаа гэж хэлнэ. УИХ-ын гишүүдэд хамаатай эсэхийг мэдэхгүй юм, бүтээн байгуулалтын хувьд 50 МВт цахилгаан станц барьсан, дөрвөн эгнээ замтай боллоо. Сайхан хэрэг. Саяхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирээд явлаа. Салбарын сайд нар, манай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд ч дагалдан ирлээ. Тэдний ярьж байгаагаар Чойбалсан хотын баруун хойд Хэрлэн сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэр, “Бумбат” гэдэг газарт 48 га талбайд 1800 айлын орон сууцны хорооллыг Улсын төсвөөр санхүүжүүлэн барих, боомт руу хатуу хучилттай зам тавих тухай ярьж байна лээ. Энэ нь зөвхөн яригдаад үлдэх бус ажил болвол сайн л хэрэг. Бидэнд эртнээсээ нэг зүйл бий. Тэр нь сайхан ярьдаг ч хийлгүй үлдээдэг нэг муу тал байдаг шүү дээ.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Ш.Будсүрэн:

Манай аймгаас сонгогдсон гишүүд шагнал гардуулах л гэж ирдэг

Манай аймагт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсан. Иргэдийн худалдан авах чадвар сайнгүй байна. Яахав, үйлчилгээний газруудаа нээгээд байгаа болохоор бизнес эрхлэгч нарын хувьд арай ч нам суугаагүй бололтой. Энэ жил ноолуурын үнэ өндөр байгаа болохоор малчдын амьдрал дажгүй.

Гэвч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхээр амьдралын түвшин өнгөрсөн жилтэй харьцуулахад илэрхий унасан байна. Манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд шагнал гардуулах л гэж ирдэг. Бусад үед таг. АН-ынхан бас чиг гарын бэлэг сэлт илгээдэг юм шиг билээ. Харин МАН бол бүр таг. Орон нутгийн удирдлагууд хэрдээ л зүтгэж байгаа ч бодит байдал дээр үр дүн алга. Төлөвлөгөө ч байдаггүй юм уу, хэн мэдлээ. Гэхдээ тэд аймаг удирдаад удаагүй учраас дүн тавих цаг нь болоогүй шүү дээ. Иргэд бол аймгийн удирдлагыг өөрийн гэсэн толгойгүй юм уу гэж ярьдаг. Ядахад л цар тахлын халдвараа нуугаад хэлэхгүй юм, үүнд иргэд маш их бухимдаж байгаа. Манай аймаг уул уурхай дагасан хөгжилтэй ч амьдрал ахуй гундуухан байгааг нуух хэрэггүй байх.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top