БАЙНГЫН ХОРОО: Хотын хөгжлийн бодлогын ТҮР ХОРОО байгуулахыг дэмжлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 05 сарын 25

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.05.25) хуралдаан 14 цаг 42 минутад 11 гишүүн ирцэд бүртгүүлснээр цахимаар эхэлж, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Уг тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан нарын нийслэлээс сонгогдсон гишүүд санаачлан боловсруулж, энэ сарын 21-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

Тогтоолын төслийн талаарх танилцуулгыг төсөл санаачлагч гишүүдийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулав. Улаанбаатар хот нь 9 дүүрэг, 169 хороотой бөгөөд хүн амын тоо 1 597 290 болж, манай улсын нийт хүн амын 48 орчим хувь нь амьдарч байна. Мөн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 125 мянган аж ахуйн нэгжийн 75 хувь нь нийслэл хотод төвлөрч ажилладаг. Түүнчлэн нийслэлийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 24 их наяд 683 тэрбум төгрөгт хүрсэн нь үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний 66.7 орчим хувьтай тэнцэж байгаа аж.

Дээр дурдсан тоон үзүүлэлтээс үзэхэд Улаанбаатар хот нь 1.6 сая орчим хүн амтай дэлхийн 400 гаруй хотын нэг болоод байгаа хэдий ч хүн амын төвлөрөлтэй холбоотойгоор сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүрэлцээ, хүртээмж хангалтгүй, авто замын ачаалал хэтэрч, төвлөрөл бий болоод байна. Энэ үндсэн дээр айл өрх, орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагыг цахилгаан, дулааны тогтвортой эх үүсвэрээр найдвартай хангах, замын түгжрэл, агаар, орчны бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.

 Тиймээс Улаанбаатар хотын хөгжлийн бодлогыг шинээр тодорхойлж, эрүүл, аюулгүй, амьдралын таатай орчин бүрдүүлсэн, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, олон улсад өрсөлдөх чадвартай, иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурласан, сайн засаглал бүхий аялал жуулчлалын томоохон төв болгож хөгжүүлэх асуудлыг Улсын Их Хурлын Байнгын хорооны түвшинд авч үзэх шаардлагыг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулжээ.

Нийслэлээс энэ удаагийн Улсын Их Хуралд нийт 23 гишүүн (С.Амарсайхан, Г.Амартүвшин, П.Анужин, Т.Аюурсайхан, Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, Ж.Ганбаатар, Х.Ганхуяг, Т.Доржханд, Б.Жаргалмаа, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, С.Одонтуяа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Ж.Сүхбаатар, Н.Учрал, Д.Цогтбаатар, Ж.Чинбүрэн, Б.Энхбаяр) сонгогдсон бөгөөд тэдэнтэй Ховд аймгаас сонгогдсон С.Бямбацогт нарын гишүүд нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн төлөө хамтран зүтгэхээр санаа нэгдэж, Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг санаачилжээ.

Төсөл санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Энхболд нар Түр хорооны эрхлэх асуудлын гол чиг үүрэг, ажиллах хугацааны талаар асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүдийн асуултад төсөл санаачлагч гишүүн Э.Бат-Амгалан өгсөн хариултдаа, Түр хороо нь Улаанбаатар хотын хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдал, замын хөдөлгөөний хэт түгжрэл, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээний салбар зэрэг эдийн засаг, нийгмийн бүх талын харилцааг бодлогын түвшинд цогцоор нь шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй ажиллана. Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу Түр хороо нь тухайн ээлжит чуулганы хугацаагаар байгуулагдаж ажиллах, шаардлагатай бол ажиллах хугацааг дахин нэг чуулганы хугацаагаар сунгаж зохицуулалттай. Энэ зохицуулалтаар  явна гэлээ.

Мөн төсөл санаачлагч гишүүн М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар нар нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд Улсын Их Хурал улс төрийн болон бодлогын тодорхой шийдэл гаргах цаг болсон. Том асуудлыг том мөнгө, том боломжоор л шийдэх ёстой. Тиймээс нэн түрүүнд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж, өнөөгийн тулгамдсан асуудлуудыг шийдэх эрх зүйн зохицуулалт, хатуу зөөлөн дэд бүтцийн асуудлыг тусган өргөн мэдүүлж хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзэж буйгаа хэллээ. Мөн тус Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд уг тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж буйг тодотголоо.

Тогтоолын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Н.Энхболд, Ж.Сүхбаатар, Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат нар үг хэлж төслийн үзэл баримтлалыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top