Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн ТҮР ХОРОО байгуулна

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 27

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Уг тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан нарын нийслэлээс сонгогдсон гишүүд санаачлан боловсруулж, энэ сарын 21-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. Нийслэлээс энэ удаагийн Улсын Их Хуралд нийт 23 гишүүн сонгогдсон бөгөөд тэдэнтэй Ховд аймгаас сонгогдсон С.Бямбацогт нарын гишүүд нэгдэж, нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн төлөө хамтран зүтгэхээр санаа нэгдсэн байна.

Тогтоолын төслийн талаарх танилцуулгыг төсөл санаачлагч гишүүдийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулсан юм. Тэрбээр, Улаанбаатар хот нь 9 дүүрэг, 169 хороотой бөгөөд хүн амын тоо 1 597 290 болж, манай улсын нийт хүн амын 48 орчим хувь нь амьдарч байна. Мөн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 125 мянган аж ахуйн нэгжийн 75 хувь нь нийслэл хотод төвлөрч ажилладаг. Түүнчлэн нийслэлийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 24 их наяд 683 тэрбум төгрөгт хүрсэн нь үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний 66.7 орчим хувьтай тэнцэж байгаа тухай баримт дурдав.

Эдгээр тоон үзүүлэлтээс үзэхэд Улаанбаатар хот нь 1.6 сая орчим хүн амтай дэлхийн 400 гаруй хотын нэг болоод байгаа хэдий ч хүн амын төвлөрөлтэй холбоотойгоор сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүрэлцээ, хүртээмж хангалтгүй, авто замын ачаалал хэтэрсэн. Айл өрх, орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагыг цахилгаан, дулааны тогтвортой эх үүсвэрээр хангах, замын түгжрэл, агаар, орчны бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шаардлага тулгарч байна.

Тиймээс Улаанбаатар хотын хөгжлийн бодлогыг шинээр тодорхойлж, эрүүл, аюулгүй, амьдралын таатай орчин бүрдүүлсэн, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, олон улсад өрсөлдөх чадвартай, иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурласан, сайн засаглал бүхий аялал жуулчлалын томоохон төв болгож хөгжүүлэх асуудлыг Улсын Их Хурлын Байнгын хорооны түвшинд авч үзэх шаардлагыг харгалзан уг тогтоолын төслийг боловсруулсан тухайгаа танилцуулсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top