Гадаад харилцааны яамнаас Их Британий Лондон хотноо энэ сарын 23-24-ний өдрүүдэд болж өндөрлөсөн Монгол Улсын ҮАБЗ-ийн Ажлын хэсгийн дарга Б.Хурцад холбогдох давж заалдах шатны шүүх хурлын талаар албаны мэдээлэл ирүүллээ.
Лондонгийн "Royal Court of Juctice" буюу Дээд Шүүхийн хурлын танхимд болсон уг хуралд манай улсыг төлөөлж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, тус улсад суугаа Элчин сайд Б.Алтангэрэл, ГХЯ-ны Консулын газрын захирал Д.Ганхуяг, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Ц.Болор, ЭСЯ-ны зөвлөх, консул Н.Батаа нар болон Б.Хурцын эхнэр, хүү нь оролцжээ. Британийн талаас Британийн ГХХНЯ-ыг төлөөлж Сэр Майкл Вүүд, өмгөөлөгч Клэйр Доббинс, прокурорын төлөөлөгч Аарон Уоткинс нар оролцон, давж заалдах шатны шүүх хурлыг шүүгч Лорд Мосес даргалсан байна.
Шүүх хуралдаанаар Б.Хурцын өмгөөлөгч Алун Жонс, Сэр Элихү Лаутерпахт нар уг хэрэгтэй холбогдох олон улсын эрх зүйн хүрээний гурван үндсэн асуудлаар буюу Б.Хурц нь өндөр албан тушаалтан байсан эсэх, халдашгүй дархан эрхтэй байсан эсэх, тусгай үүрэгтний конвенцийн дагуу тусгай үүрэг гүйцэтгэгч байсан эсэх асуудлаар өөрсдийн тайлбарыг шүүхэд гаргахад хариуцагч тал мөн хариу тайлбар хийж мэтгэлцээнийг өрнүүлсэн байна. Мэтгэлцээний дараа шүүх хурал даргалагч, шүүгч Лорд Мосес талуудад асуулт тавьж, уг хэрэгт холбогдох тодруулгыг авсны дараагаар шүүхийн шийдвэрийг долдугаар сарын 12-нд гаргана гэж мэдэгдсэнээр хурал өндөрлөжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )