АИ-92 бензин 1700-2000 төгрөгт хүрлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 27

Бензин, түлшний хомсдлоос үүдэн нийслэлийн бүх шатахуун түгээх станцууд борлуулалтандаа хязгаарлалт хийлээ. Ингэхдээ “Магнай трейд”, “Петровис”, “Сод Монгол”, “Шунхлай” компаниуд нэг ч хэрэглэгчид бэлэн мөнгөөр бензин, түлш олгохгүй болжээ.

Салбарын яам, Газрын тосны газраас хэд хэдэн улстай шатахуун нийлүүлэх гэрээ хийж, хомсдолд орохгүйгээр зохицууллаа гэж байсан ч нийлүүлэлт, ачилт удааширснаас ийн борлуулалт хязгаарлахад хүргэв. Өчигдрийн байдлаар бэлэн мөнгөөр АИ-92 бензин түгээж байсан нь зөвхөн “Синчи Ойл” ШТС бөгөөд литр тутмыг нь 1700 төгрөгөөр борлуулж байсан ханшаа 2000 төгрөгт хүргээд авчээ. Гэсэн ч бусад ШТС-ууд бэлэн мөнгөөр борлуулалт хийхгүй болсон учир тус станцад уртаас урт дараалал үүссэн байлаа.

Дээр дурдсан “Петровис”, “Магнай Трейд”, “Сод Монгол”, “Шунхлай” компаниуд карт, талоноороо дамжуулж 30-50 хуртэлх литрийн хязгаарлалттай олгож буй бензин, түлшээ харин нэмэгдэлгүй түгээж байгаа юм байна. Гэвч “Петровис” компани гэхэд картаа шинээр олгохоо зогсоосон бол “Сод Монгол”-ын картыг шинээр авахад 15 мянга /өмнө нь 5000 байсан/ төгрөг болж, “Магнай Трейд”-ийн талоныг Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан авч байгаа юм. Мөн зарим компаниудын станцууд түлшний нөөцгүй болсон мэдээ байна.

Карт байхгүй, дээр нь талон олж авч чадахгүй “хадны завсар хавчуулагдаад” байгаа жолооч нар арга буюу автомашиндаа А-80 бензин хийхэд хүрч эхэлжээ. Энэ төрлийн бензин нь сүүлийн үед үйлдвэрлэгдсэн автомашины мотор, эд ангид сөрөг нөлөөтэй, тортог их хаядаг, шаталт ихтэй зэрэг олон муу талтай ч ажил, амьдарлаа залгуулахын тулд хэрэглэж эхэлсэн тухай бухимдсан жолооч нар ярьж байв.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top