“Монос” групп 50 сая төгрөг хандивлав

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 27

Эрүүл мэндийн салбарын 90 жилийн ойг тохиолдуулан хүн ардын эрүүл энхийн төлөө хөдөлмөр зүтгэл, авьяас билгээ зориулж ирсэн энэ салбарынхны зовлон жаргал, мэргэжлийн онцлог, алдаа оноо, баяр бахдал гээд ажил амьдралынх нь бүхий л талыг харуулсан "Өдөр өдрийн нар" телевизийн 60 ангит цуврал киног ЭМЯ-ны санаачилгаар МҮОНТВ-ийн уран бүтээлчид бүтээхээр болж, зураг авалт нь эхлээд явж байгаа юм.

Тус салбарын 90 жилийн ойн арга хэмжээ эхэлж байгаатай холбогдуулан "Монос" группийн Ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар, Гүйцэтгэх захирал Л.Эрдэнэчимэг нар Эрүүл мэндийн сайд С.Ламбаатай уулзаж, баярын мэндчилгээ дэвшүүлээд "Өдөр өдрийн нар" киног бүтээхэд 50 сая төгрөгийн хандив өргөв.

Тус кинонд мэргэжлийн жүжигчдээс гадна эрүүл мэндийн салбарт одоо ажиллаж байгаа бодит хүмүүс ч дүр бүтээн оролцох нөхцлийг бүрдүүлэхээр киног санаачлагчид болон уран бүтээлчид төлөвлөсөн байна. Кино энэ намар гэхэд үзэгчдийн хүртээл болно. Салбарын хувьд анхны олон ангит киног бүтээх энэ үйлсэд ийнхүү эрүүл мэндийн салбарын төрийн болон хувийн хэвшлийнхэн бүгд сэтгэл гарган оролцож, хувь нэмрээ оруулахаар чармайж байгаа нь талархууштай.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top