ЧУУЛГАН: Сонгуулиар иргэдийн татвараар цалинждаг МҮОНРТ чинь ажиллаж чадсангүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 06 сарын 11

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.11/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.  

Хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооноос өргөн барьсан Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн, МАН-аас нэр дэвшсэн Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлэхээс өмнө өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны гишүүдийн 100 хувийн саналаар Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг дэмжсэн юм. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Сонгууль шударга, зөв соёл тогтоолоо. Сонгуулийн ерөнхий хороондоо баярлалаа. Улстөржилт багтай, хэрүүлгүй сонгууль боллоо. Цаашид хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна. Алдаа, оноо байна. Засах зүйл ч байна" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "П.Дэлгэрнарангаар ахлуулсан Сонгуулийн ерөнхий хороо анхныхаа сонгуулийг амжилттай хийлээ. Үнэхээр хэл ам багатай сонгууль явуулах зөв хууль баталж уу, эсвэл өөр шалтгаан байна уу гэдэгт хариулт авмаар байна. Сонгуулийн ерөнхий хорооны чадамжийг сайжруулах шаардлага байна уу. Ямар өөрчлөлт оруулж байж та бүхэн ажлаа сайн явуулах нь вэ" гэх асуултыг тавилаа. 

Үүнд, Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран "Сонгуулийг зөрчил маргаан багатай асуудал нь эрх зүйн зохицуулалт, хуулиасаа болдог нь ойлгомжтой. Гэхдээ бүгдийг нь зохицуулж чадахгүй ч гэсэн бид бэлтгэл ажлыг нямбай зохион байгуулах нь чухал юм байна гэх дүгнэлтийг хийж байна" гэх товчхон хариулт өглөө. 

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Д.Ганбат "Ярих юм бол олон зүйл бий. Гэхдээ ололтой, амжилттай ч зүйл байна. Өмнөх сонгуулиудыг бодоход нэр дэвшигчдийн яс үндэс, гарлаар нь доромжилсонгүй. Янз бүрийн бичлэг задарсангүй. Энэ нь их аятайхан байлаа. Гэхдээ та бүхэн нэр дэвшигчдээ хамгаалж чадаагүй. Сурталчилгаагаа явуулах боломжоор нь хангаж чадаагүй. Нэр дэвшигч сурталчилгааны үедээ халдвар авчихлаа. Үүнийг та бүхэн хариуцах ёстой. Хэн хариуцлага хүлээх вэ. Олон нийтийн татвараар санхүүждэг Үндэсний телевиз чинь ажиллаж чадсангүй. Энд хэн хариуцлага хүлээх вэ, мэтгэлцээн явуулж чадсангүй" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.69.70) 2021 оны 06 сарын 12

Ганбатаа ах чамд нэг зөвөлгөө өгье? Чи битгий хуцаа

0  |  0
Top