Өнгөрсөн амралтын өдрүүдэд "Үндэсний номын баяр" болсон билээ. Уг баярыг "Үндэсний ном, бичиг соёлын өдөр” болгон Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдэд оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нар санаачилж, өргөн барьжээ.
Энэ нь олон нийтэд "Үндэсний номын өдөр"-ийг амралтын өдөр болгох хуулийн төсөл санаачилсан гэх ташаа ойлголтыг төрүүлээд байгаа юм. Тэгвэл "Үндэсний номын өдөр"-ийг амралтын өдөр болгох бус тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэж байхаар хуульчилжээ.
Уг хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Өнгөрсөн 2020 оны есдүгээр сард өргөн барьсан төсөл юм. Угаас номын баярыг амралтын өдөр л тэмдэглэж ирснийг өөрчлөхгүй. Харин энэ өдрийг Үндэсний хэл, бичиг соёлын өдөр болгож үндэсний хэмжээнд авч үзэх, монгол бичиг, хэлний дархлааг авч үлдэх агуулгаар оруулсан юм. МУ-ын төрөөс монгол хэл, бичиг соёлоо хадгалж үлдэх талаар авч буй хэлний бодлогын нэг гэж ойлгож болно.Үндсэн хуульд “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйлс, шинжлэх ухаан, оюуны өмч төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Хүн төрөлхтний нийгэм, соёлын амьдралд даяарчлал асар хүчтэй нэвтэрч, техник технологи өндөр түвшинд хөгжиж байгаа энэ үед Монгол үндэсний соёл, хэл, зан заншлыг дараа дараагийн үедээ өвлүүлэн үлдээх нь өнөөгийн төрийн үүрэг. Тиймээс Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан. Энэ хуулийн төсөлд жил бүрийн тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдөр “Үндэсний ном, бичиг соёлын өдөр” тэмдэглэхээр тусгасан. Энэ нь Монгол үндэстний соёлын өв дурсгалыг хамгаалах, ном бүтээх өвийг үргэлжүүлэх, хүүхэд залуучуудад уламжлан үлдээх чухал ач холбогдолтой. Мөн Монголын ном, бичиг, соёлын баярыг олон улсын хэмжээнд тэмдэглэх боломжийг бүрдүүлэх юм" гэх тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл ( 2 )
кк нээрэ онигоо юм оо, өөр сэтгэчих чадал байна уу? эд нарт
Оюуны өмч гэхээр ганцхан ном байдаг юмуу? Нэгэнт энэ хуулийг санаачилж байгаа юм чинь дэлгэрэнгүй судалгааг хийлгэх хэрэгтэй байсан юм!