Пүрэв гарагийн 18:00 цагт эхэлсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцыг шүүх хурлын эцсийн шийдвэр гараагүй байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Лондоны дээд шүүхийн шийдвэрийг шүүгч 14 хоногийн дараа буюу ирэх сарын 12-нд гаргах аж. Лондоны хатан хааны дээд шүүхийн танхимд болсон Монгол Улсын иргэнийг шүүх хурал хоёр өдөр дараалан явагджээ. Манай талын албан тушаалтнууд өмнөх шүүх хурлаас гарсан шийдвэрийн дагуу шаардлагатай нэмэлт баримтуудыг бүгдийг нь шүүгчид өгсөн гэдгээ удаа дараа илэрхийлсэн. Харин сая болж өнгөрсөн шүүх хурлын шийдвэрийг аль талд гарахыг урьдчилан таамаглахад бэрхшээлтэй байгаа гэнэ. Хэрэв энэ удаагийн шүүхийн шийдвэр анхан шатны хуралдаанаас гарсан Б.Хурцыг Герман руу шилжүүлэх шийдвэрийг хэвээр үлдээвэл томоохон асуудал үүсэх аж. Тодруулбал, хууль бус баривчилгаа явуулах үүргийг өгсөн буюу Б.Хурц нарт хэн захиалга өгсөн бэ гэдэг асуудал босч ирэх магадлалтай болжээ. Ингэснээр Д.Энхбат агсныг хулгайлж авч ирэхийг үүрэгдсэн захиалагч тодорч, бүр цаашлаад 10 гаруй жил дарагдсан С.Зориг агсны хэргийн сэжим ч гарч ирэхийг үгүйсгэх аргагүй гэнэ. Ямартай ч хоёр өдөр үргэлжилсэн Б.Хурцыг шүүх хуралд өмгөөлөгчөөр Алун Жонс, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж профессор Э.Лаутерфахт, Монгол Улсаас Их Британи Улсад суугаа Элчин сайд Б.Алтангэрэл, ЭСЯ-ны зөвлөх, консул Н.Батаа, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар нар шүүх хуралд оролцжээ. Харин Их Британийн талыг төлөөлж прокурорын төлөөлөгч А.Уоткинс, Британийн Гадаад Хэрэг Хамтын Нөхөрлөлийн Яамны хуулийн зөвлөх С. Доббин нар оролцсон байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )