Вакцинжуулалтанд 778,900 толгой мал хамрагдана

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 27

Нийслэлийн есөн дүүргээс зургаан дүүрэгт нь мал аж ахуй эрхлэхийг иргэдэд хуулиар зөвшөөрдөг байна. Үүнд Налайх, Багануур, Сонгинохайрхан дүүргийн 20, 21 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 11, 20 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 13, 14 дүгээр хороод ордог бөгөөд таван хошуу мал болон гахай, шувуутайгаа нийлээд нийтдээ 600 мянга гаруй толгой мал байдаг аж. Өнгөрсөн онд 262 мянга 881 толгой бог, бод мал тоологджээ. Боом болон цусан халдвар, галзуу зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгын ажил ямар байгаа талаар Нийслэлийн мал эмнэлгийн газрын Халдварт өвчин, мэдээ мэдээлэл хариуцсан их эмч Ц.Гантөмөрөөс тодруулахад “Нийслэлд малын шилжилт хөдөлгөөн хяналт муутай явагддагаас боом, шүлхий, цэцэгт, цусан халдвар зэрэг янз бүрийн өвчин гарч байгаа юм. Энэ оны эхний байдлаар эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх 20-иод төрлийн вакциныг хийж байна. Боомоос сэргийлэх тарилгыг л гэхэд жилд хоёр удаа хийх ёстой. Энэ жил зөвхөн боомоос урьдчилан сэргийлэх тарилгад 778 мянга 900 толгой мал хамрагдана. Үүнээс бод мал 43 мянга 700, бог мал 106 мянга 800 тус тус хамрагдаад байна” гэв. Ийнхүү нийслэлд малын боом өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт 78 хувьтай явагдаж байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top