Нэг талаас иргэдийн орлогын өсөлтөөс хол даваад буй үнийн өсөлт, нөгөө талаас эдийн засгийн идэвхжилийг дэмжих шаардлага Монголбанкны Мөнгөний бодлогын хороог ээлжит шийдвэрээ гаргахад том сорилт болоод байна. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо энэ талаар ойрын хугацаанд шийдвэрээ гаргах хуваарьтай байгаа. Тус хороо төгрөгийн тогтвортой байдлыг хангах замаар эдийн засагт халалт үүсгэхгүй байхыг эрмэлздэг. Төв банк хорооны шийдвэрт үндэслэн бодлогын хүүгээр дамжуулан мөнгөний хатуу, эсвэл зөөлөн бодлого хэрэгжүүлдэг. Үүгээр дамжуулан арилжааны банкуудын мөнгөний урсгалыг удирддаг гэсэн үг.
Хэрэв бодлогын хүү өндөр бол арилжааны банкуудын Төв банкны үнэт цаасанд хөрөнгөө байршуулах сонирхол нэмэгдэж, мөнгөний нийлүүлэлт буурдаг. Энэ нь зах зээл дээр эрэлтийг хумьж, инфляц буюу үнийн өсөлтийг хязгаарлан, төгрөгийн тогтвортой байдлыг хангах нэг арга юм. Мөнгөний хатуу бодлогыг ингэж хэрэгжүүлдэг. Тэгвэл өнөөдөр Монголын эдийн засгийн нөхцөл тэс өөр нөхцөл байдалтай байгаа. Монголбанк цар тахлаас шалтгаалан урьд өмнө хэзээ ч байгаагүй мөнгөний зөөлөн бодлого баримталж, Засгийн газар гарын арван салаагаараа төсвийн болон төсвөөс гадуурх мөнгийг урсгаж байгаа. Улмаар нийт эдийн засгаа сэргээж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаална гэж тооцож буй. Төсөв болон мөнгөний зөөлөн бодлого үр дүнгээ өгсөн эсэхийг одоогоор дүгнэхэд эртдэх биз. Гэхдээ өнөөдөр илэрч буй зарим тоон мэдээллээр мөнгөний зөөлөн бодлого зарим сөрөг үр дүн үзүүлж эхэллээ.
Төв банкны Мөнгөний бодлогын хороо ойрын хугацаанд шийдвэр гаргах хуваарьтай байгаа
Мөнгөний зөөлөн бодлого үнийн өсөлтийг дэмждэг жишиг энэ удаад ч давтагдав. Үнийн өсөлт өмнөх оны мөн үеэс 6.2 хувийн өсөлттэй гарсан. Үүний 3.6 нэгж буюу 58.1 хувь нь хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнийн өсөлтөөс үүдэлтэй байжээ. Ялангуяа ядуу болон дундаж давхаргад хүндээр нөлөөлдөг хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ 13.1 хувиар өссөн байгаа нь анхаарал татна. Хүнс дотроо мах, махан бүтээгдэхүүний үнэ жилийн дүнгээрээ 20 орчим хувиар өссөн байх жишээний. Мөн үнийн өсөлтийг даамжруулж буй өөр нэг асуудал бол иргэдийн орлого буурсан явдал. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд бүртгэлтэй 682.1 мянган ажилтны дундаж болон медиан цалин аль аль нь энэ оны нэгдүгээр улиралд буурсан байгаа. Нийт ажиллагсдын дундаж цалин 1.3 сая төгрөг болж, өмнөх улирлаас 13.2 мянган төгрөгөөр буурсан. Медиан цалин 945.7 мянган төгрөг болж, өнгөрсөн оны төсгөлөөс улирлаас 50.1 мянган төгрөгөөр буурчээ. Статистикийн хороо нийт ажиллагсдын сард авч буй цалингийн дундаж хэмээн гаргаж байгаа бол медиан цалингаар бүх ажилтны цалингийн голыг илэрхийлж буй. Иргэдийн орлого буурч байхад юмны үнэ өссөн нь эдийн засагчдын санааг зовоосон гол асуудал юм. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ийм хүнд үед ээлжит шийдвэрээ гаргах нь.
Мэдээж, тус хорооны гишүүд инфляцын төсөөлөл зорилтот түвшин буюу зургаа, дээд тал нь найман хувь байгааг харгалзан үзэх байх. Ингэхдээ өнгөрсөн гуравдугаар сарын төсөөлөлтэйгөө харьцуулан үзнэ. Тус хороо өнгөрсөн гуравдугаар сард бодлогын хүүг зургаан хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан. Тухайн үед инфляц зорилтоос давах нөхцөл үүссэн тохиолдолд Мөнгөний бодлогын хороо бодлогын тохируулга хийнэ гэдгээ мэдэгдсэн. Ийн мэдэгдэл хийхэд, улсын инфляц өнгөрсөн хоёрдугаар сард 2.6 хувьтай гарсан нь нөлөөлсөн. Улмаар эрэлтийн хүчин зүйлсийн инфляцад үзүүлэх нөлөө ирэх улирлуудад эдийн засгийн идэвхжилийг даган аажмаар өснө. Тухайлбал, шатахуун, cайжруулсан түлшний үнийн нөлөөгөөр нийлүүлэлтийн шалтгаантай инфляц цаашид нэмэгдэнэ. Суурь төсөөллөөр 2021 онд инфляц дунд хугацааны зорилтын орчимд хадгалагдах хүлээлттэй байна гэж мэдэгдэлдээ дурдаж байсан юм. Вакцинжуулалт амжилттай үргэлжлэх тохиолдолд эдийн засгийн идэвхжил нэмэгдэж, аж, ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн түвшинд хүрэх хүлээлтээ ч илэрхийлж байлаа. Мөн Төв банкны өнгөрсөн гуравдугаар сард нийтэлсэн Инфляцын төлөв байдлын тайландаа инфляц энэ онд 7.2, ирэх жил 5.8 хувь гарна гэдэг төсөөлөл танилцуулж байсан. Энэ зорилтын хүрээнд инфляцыг 2021-2023 онд жилийн зургаан хувь орчим буюу дээш, доошоо хоёр хувийн хэлбэлзэлд барихыг зорьж, УИХ-аар батлуулсан. Гэхдээ нөхцөл байдал тэр үеэс ч хүндрээд буйг тодотгох хэрэгтэй. Монгол Улс дотооддоо цар тахлыг хяналтаасаа алдсаны гороор уул уурхайн экспорт тасалдаж, дахин хөл хорио тогтоох ч магадлалтай болж ирсэн. Энэ үед эдийн засгийн сэргэлтийг мөнгөний зөөлөн бодлогоор тууштай дэмжих үү, эсвэл мөнгөний бодлогоо хатууруулж үнийн өсөлтөө хязгаарлах бодлого баримтлах уу гэдэг тэс өөр үр дүн авчрах хоёр сонголтын өмнө дан ганц Монголбанк биш Монгол төр ирээд байна. Онолоороо инфляцыг нам түвшинд тогтворжуулснаар иргэдийн бодит орлогыг хамгаалж, эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг дэмжинэ гэж үздэг. Нөгөө талаар цар тахлын нөхцөл байдлын эсрэг мөнгөний зөөлөн бодлого баримталж буй улс орон дэлхийд зонхилж буй энэ үед Монгол Улс үүнээс сөрөх нь юу л бол.
Эцэст нь, инфляцын өсөлтийг хэт нэг талаас харан туйлширч болохгүй. Монгол шиг хэрэглээнд суурилсан улсын хувьд эдийн засаг өндөр өсөлттэй үед инфляц ихэнхдээ өндөр явж ирсэн байх юм. Гол нь иргэдийн орлогын өсөлт мөнгөний тэмдэгтийн ханшийн уналтын хувиас давж байх ёстой. Монгол Улсад эдийн засгийн өндөр өсөлтийн жилүүдэд инфляц 10 хувь давж байсан жилүүд зөндөө. Төв банк нэг үе инфляцын зорилтоо нэг оронтой тоонд барих зорилт дэвшүүлдэг байлаа шүү дээ. Эсрэгээрээ эдийн засаг хямарсан жилүүдэд эрэлт буурснаар бараа бүтээгдэхүүний үнэ өртгөөсөө доош орж, дефляцтай үдсэн байдаг. Хамгийн ойрын жишээ нь өнгөрсөн 2020 он. Тэгвэл Монголбанкны шийдвэр гаргагчид цар тахлын үед өнгөрсөн хугацааны түүхийг давтахгүйн тулд эдийн засгийн идэвхжилтээ үргэлжлүүлэн дэмжих магадлал өндөр байгаа. Өөрөөр хэлбэл, үнийн өсөлтөө зөнд нь орхиж, уламжлалт зорилтоосоо хазайна гэсэн үг. Төв банкны тухай хуульд Монголбанкны үндсэн зорилт нь төгрөгийн тогтвортой байдлыг хангах гэж тодорхойлсон байдаг.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )