Д.Үүрийнтуяа: Мандах нарнаас эхлэн үдшийн бүрий хүртэл уртын дуу эгшиглүүлнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 28


Уянгалаг сайхан хоолойгоороо уртын дуу эгшиглүүлэн ард түмнээ баясгаж байдаг хамтлаг бол Шуранхай. Тус хамтлагийн дуучин Д. Үүрийнтуяагийн тайлан тоглолт 7 дугаар сарын 7-нд Монгол бөхийн өргөөнд болох гэж байгаатай холбогдуулан тоглолтынх нь бэлтгэл ажлын талаар ярилцлаа.

-       Таны тоглолтын бэлтгэл ажил хэр хангагдаж байна?

-       Тоглолт арваад хоногийн дараа болох гэж байна. Тийм болохоор тоглолтын бэлтгэл ажил ерөнхийдөө бүрэн хангагдсан гэж үзэж болно. 

-       Тоглолтын ерөнхий найруулагчаар ямар хүн ажиллаж байна?

-       Бид анх Шуранхай нэртэй тоглолт хийж байхдаа л бүжиг дэглээч найруулагч Энхгэрэл гээд эмэгтэйтэй хамтарч уран бүтээлээ хийж байсан. Тэр уран бүтээлч маань л ажиллахаас гадна ерөнхий зөвлөхөөр нь төрийн соёрхолт, МУГЖ Сосорбарам гуай ажиллаж байгаа. 

-       Энэ удаагийн тоглолт тань өмнөх тоглолтуудаасаа юугаараа онцлог болж байна?

-       Мэдээж найруулга. Найруулга бол хамгийн онцлог. Дээрээс нь бас тайз засалт  маш өвөрмөц байдлаар засагдана. Тайз засалт дээр “Чуба дизайн” гэдэг тайзны компани хамтарч ажиллаж байгаа. 

-       Энэ удаагийн тоглолт дээр ямар нэг хүндрэлтэй асуудал гарч байна уу?

-       Ер нь гайгүй ээ.  Бэлтгэл ажлууд  сайхан бүтэж байна. Тоглолтондоо бүх анхаарлаа хандуулаад ажиллаж байна даа. 

-       Тоглолтынхоо хувцас, үс засалт гээд гоо сайхан талынхаа ажил дээр ямар гоо сайхны салон, загварын агентлагтай хамтран ажиллаж байна?

-       Бид нар “Урлах эрдэм” загварын товчоотой хамтран ажилладаг. Ерөнхийдөө урлах эрдэм загварын товчооны хувцаснууд өмсөгдөнө. Түүнээс гадна “Алтан утас” салонтой хамтарч ажиллаж байгаа. Мөн “Монгол костьюмс” гээд маш олон загварын салонуудтай хамтарч ажилладаг. 

-       7-р сарын гурванд уртын дуу дуулна гэсэн. Тэр талаар дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу?

-       Дундговийг  дуу хуурын өлгий нутаг  гэдэг. Найр хурим болоход гурван өдөр зогсолтгүй найралж, уртын дуу эгшиглэдэг байсан.  Одоо  бидэнд  тэр болгон тийм боломж гардаггүй. Хурим найр болоход нэг уртын дуучин нээж  ганцхан түрлэг уртын дуу дуулна уу гэхээс биш өөр уртын дуу тэнд эгшиглэдэггүй. Хүмүүс уртын дуугаа сонсож чадахаа байсан байна. Магадгүй хатуу үгээр хэлэх юм бол тэвчээргүй, ухаан нь хүрэхгүй байна гэсэн ч  болохоор болж.  Уртын дууг сонсож ойлгоход  маш ухаан шаарддаг.  Тийм болохоор энэ уртын дууг нэг өдөр ч гэсэн эгшиглүүлье. Тэнд удаан хугацаагаар дуулж чаддаггүй хүмүүс ирж олон түрлэг дуугаа өргөх байх гэж найдаж байна. Тийм  учраас энэхүү өдөр   олон уртын дуучинг өглөө нар мандахаас, үдшийн бүрий хүртэл  дуулаачээ гэж урьж байгаа юм аа. Тэр өдөр зөвхөн уртын дуучин биш, уртын дууг сонсох дуртай хүмүүс ирж уртын дуунаас авдаг таашаалаа аваасай гэж бодож байна. Урьд нь хүмүүс микрофон дээр дуулдаг бол тэнд бол микрофон гэж байхгүй, зүгээр найран дээр дуулж байгаа юм шиг л хүмүүс ээлжлэн дуулах юм.  

-       Уртын дуу дуулах өдрийг яагаад 7-р сарын гуравны өдрөөр сонгосон юм бэ?

-       Яахав тоглолтын өмнөх өдрүүдэд л сайхан уртын дуу эгшиглүүлье гэдэг үүднээс л долоон сарын гуравны өдрийг сонгосон юм. 

-       Удахгүй болох тоглолтонд тань амжилт хүсье?

-       Баярлалаa 

 

Д.Мөнхзул

Zindaa.mn Үндэсний Чөлөөт Мэдээллийн Портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top