УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг (Засгийн газар өргөн мэдүүлсэн) хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.
Цар тахал 223 орныг хамарч, 180,8 сая хүн өвчилж, 3,8 сая хүн нас барж, 167,7 хүн эмчлэгдээд байна.
Харин Монгол Улсад 100263 хүн өвчилсөн ба 554 нь зөөвөрлөгдөж ирсэн. Үүнээс 99709 иргэн эдгэрсэн бол харамсалтай нь 479 иргэн нас бараад байна. Өнгөрсөн хугацаанд таван удаагийн хөл хорио тогтоож, хоёр удаа хугацаа сунгасан байна.
Байнгын ажиллагаатай 14 боомт ажиллаж байна. Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа байгуулах зайлшгүй шаардлага үүсээд байна.
Эм оношлуурын нөөц, эмнэлгийн тоног төхөөрөмжийн бүрдүүлэлт, ор дэлгэхэд нэгдмэл зардлын хүндрэл үүсч байна.
Энэ жилийн төсөвт Засгийн газрын нөөц сангийн мөнгө 40 тэрбум байхаар батлагдсан боловч 2021 оны зургаадугаар сарын 15-ны байдлаар зарцуулах дүн 52,4 тэрбум гараад байна. Цаашид санхүүгийн асуудал үүсэхээр байх тул шинэчлэн оруулж байна.
Эрүүл мэндийн даатгалын сангийн 1,2 их наяд төгрөгөөр батлагдсан боловч зургаадугаар сарын 8-ны өдрийн байдлаар 32,4 хувийн гүйцэтгэлтэй байна. Уг сангаас захиран зарцуулах эрхийг Засгийн газарт олгох шаардлагатай байгаа тул хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.
Хуралдааны үед гишүүд дараах байр суурийг илэрхийлэв.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
-Эрүүл мэндийн салбар цар тахлын үед бүх шатандаа ажиллаж байна. Эмнэлзүйн баг 24цагаар ажиллаж байгаа. Өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээ, өдрийн тарифын эмчилгээ санхүүжилтийг олгоод явж байгаа. 70 мянга байсныг 160 мянга болгож байна. Цар тахал гэдгийг ойлгох хэрэгтэй. Дэлхий нийтээрээ хүчин мөхөсдөж байна. Дэлхийн зарим улс оронд дельта вирус тархаж, гурав дахь давлагаа эхэлж байна. Манай улсад ч ийм байдалтай байна. Өмнөх өдөр нь амьсгалын дутагдалтай ирсэн бол маргааш өглөө нь хоёр уушиг нь битүү хатгаа болсон маш хүнд байна. Үүнийг та бүхэн ойлгох хэрэгтэй. Тиймээс та бүхэн анхаараасай.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
ЭМД-ын шимтгэл төлж байгаа хүн бүхэн амаргүй цаг үед үр дүнгээ хүртэх эрхтэй. Жилийн эцэс хүртэл тэг үлдэгдэлтэй байх ёстой гэж гэж Б.Жавхлан сайд хэлж байна. Тэг үлдэгдэлтэй байх ёстой гээд буруу замаар зарцуулах гээд байгаад нь гишүүд бухимдаад байна. Гаргасан шийдвэр дунд шатандаа очоод буруу замаар ороод байна. Нэг хоногийн дотор 1 тэрбум төгрөгийн тендер зарлаад явчиж байна. Дөрөв хоногийн дотор 3,6 тэрбум төгрөгийн тендер зарлагдаад байна. Ингэж болохгүй гэж хэлэхээд хугацаа байдаггүй гэдэг.
Сэтгэгдэл ( 0 )