Төрсөн ахыгаа сүхээр цавчиж онц хэрцгийгээр хөнөөжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 27

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу гурван удаа хүнд болон хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийг рецитив гэмт хэрэгтнээр тооцдог. Ийн онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдох эрүүгийн гэмт хэрэгтнүүд шилжилтийн үе хэмээн бидний нэрийддэг 1990-ээд оны үед ихээр гардаг байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд ашиглагдаагүй энэ заалтаар төрсөн ахаа онцлох шалтгаангүйгээр сүхээр цохиж, амь насыг бүрэлгэсэн гэх хэрэгт буруутгагдаж байгаа И.Бат-Эрдэнэ гэгч бүртгэгдэх магадлалтай байгаа юм. Тэрбээр ийм гэмт хэрэг үйлдсэн шалтгаанаа  "Ядуу нийгэмд бухимдаад ийм зүйл хийчихлээ" хэмээн тайлбарлаж байгаа юм байна. И.Бат-Эрдэнэ нь өнгөрөгч гуравдугаар сарын 21-нд оройн 20-21.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн IX хороонд байрлах гэртээ танхайн сэдэлтээр төрсөн ах И.Ганболдыг онцлох шалтаг шалтгаангүйгээр онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт сэжиглэгдээд байгаа юм. Мөрдөн байцаалтын явцад тэрбээр төрсөн ахаа сүхээр цавчиж, түүний гавал тархинд ил гэмтэл, дагз, зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, баруун чамархайн ясны цууралт, тархины хоёр тал бөмбөлгийн дух, зулай, дагзны хэсгийн няцрал, баруун эгэмний ясны хугарал, баруун хацар, баруун чих, баруун эгэм, баруун мөр, баруун бугалга, баруун шуу, гарын сарвуу, шилбэ, зүүн гуянд олон тооны шарх, хөнгөн, хүндэвтэр хүнд гэмтлийг учруулан онц хэрцгий санаатай бүрэлгэсэн нь тогтоогдоод байгаа ажээ. Тиймээс улсын яллагчийн зүгээс И.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь хэсэг буюу хүний амь насыг онц харгис хэрцгийгээр бүрэлгэсэн хэрэгт гэм буруутай гэж үзэж, 25 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна. И.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 21147089 дугаартай хэргийг шийдвэрлүүлэхээр харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүргийн шүүхэд өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн прокурорын газраас шилжүүллээ. Улаанбаатар хотод төрж, өссөн 32 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлгүй И.Бат-Эрдэнэ гэгч 1996 оны наймдугаар сарын 22-нд Сонгинохайрхан дүүргийн шүүхээр есөн жил, 1997 оны нэгдүгээр сарын 1-нд Хан-Уул дүүргийн шүүхээр найман жил, зургаан сар, 1999 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр Багануур дүүргийн шүүхээр таван жил, 2001 оны арванхоёрдугаар сарын 1-нд Говьсүмбэр аймгийн шүүхээс 11 жил, найман сарын ялаар тус тус шийтгүүлж, 2010 оны гуравдугаар сарын 31-нд Төв аймгийн шүүхээс эдлээгүй үлдсэн нэг жил, 21 хоногийн ялыг тэнсэн суллагдсан юм байна.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top