Zindaa.mn сайт яруу найргийн буландаа Мөнгөн үеийнхний уран бүтээлээс сорчлон нийтэлж байгаа билээ.
Найраг шүлгийн уянгын цэнхэр давалгаа мөнхөд ундран долгилж, бадран өрнөх болтугай!
Үлэмж гоё сайхны өмнө үлэмжийн гоо байхыг хүснэм...
Л.Өлзийтөгс
Эртний дуу
Онгорхой хаалгаар салхи орж ирнэ
Салхи-уй гунигийн элч минь!
Орон дээр минь сарны туяа...
Сар цэнхэр муур шиг цагираглана
Хананд өлгөөтэй дугариг толь
Хайртын минь сүүлчийн харцаар бүүдийнэ
Шүлэг бичсэн цаас газраар нэг хөглөрч
Шүүрс алдах чимээнд хааяахан сөхөгдөнө
Эртний дуу тэнгэрийн гүнээс цуурайлна
Эзгүй цагийн босгонд чимээгүй нам зогсоход
Харанхуй нүд зүрх нэвт цоргиж
Хаа нэгтэйгээс уйтгар ханхална
Бэлэг
Үнэр хөлөглөгч салхиар
Үнэрээ дайлаа
Үнсэлт минь энэ болог
Үсэн норгогч бороогоор
Нулимсаа дайлаа
Үдэлт минь энэ болог
Үүрийг сэрээгч болжмороор
Үг дайлаа
Үргэснийг минь энэ хэлэг
Үнэн хайртай чамдаа
Өөрөөсөө бусдыг явууллаа
Хагацал маань энэ болог ээ
-----------------------
Уучлахыг нь би мэддэг
Урвахыг нь та мэддэг
Уйлаад гуйх чинь худлаа байдаг ч
Унахад чинь би таны төлөө залбирдаг
Өгөх л гэж өгсөн бие минь
Авах л гэж авсан та минь
Өшрөөд уйлах минь үнэн байлаа ч
Үнсэхэд чинь л би нулимстай инээж эргэдэг
Хайртайг нь би мэддэг
Халгихыг нь та мэддэг
Харцаа нуугаад худлаа байдаг ч
Халтирахад чинь би таны төлөө өвддөг
Зовох л гэж зольсон бие минь
Зовоох л гэж учирсан та минь
Зоргоор одохдоо хүнийх байдаг ч
Зориод ирэхдээ минийх л байдаг
Өө, яана гэх вэ
Өгөх л гэж өгсөн...
Өөрийн хөрөг
Гүнзгий, бүр харанхуй шөнө шиг гүн харц
Гүзээлзгэнэ юмуу, чихрийн амттай уруул
Нуугдаж, үснийхээ ард далдирсан дух
Нулимстай инээдэнд дассан сормуус
Эзнийхээ ааш шиг шулуухан үс
Эрчүүд рүү талимаарч үзээгүй нүд
Хүүхдийнх шиг төрхгүй, гэнэн инээмсэглэл
Хүчлэвч гарахгүй, аяархан дуу
Үг шигээ түргэн, цэх алхаа
Үргэлжид гуниглан гэгэлзэх сэтгэл
Үзэн ядаж ч, хайрлаж ч чадах
Үнэнч, бас урвагч зүрх
Цэлмэг атлаа давчдах цээж
Цэвэр биш атлаа үнэтэй даашинз
Бэлзгээр биш, үзгээр гоёсон
Бээлий өмсөх дургүй гар...
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )