Сайдын мэдэгдэж буйгаар манай улсын газрын тосны бүтээгдэхүүн хангамж хэвийн гэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 28

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар цаг үеийн шинжтэй хэд хэдэн асуудал ярилцаж, УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн байна. Тухайлбал, сонгуулийн автоматжуулсан хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ. Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн асуудал нь мөн бүлгээр хэлэлцсэн анхаарал татсан асуудлын нэг болсон байна. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт энэ чиглэлээр мэдээлэл өгчээ. Сайдын хэлж буйгаар манай улсын газрын тосны бүтээгдэхүүн хангамжийн асуудал хэвийн аж. Хачирхалтай нь манай газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд өөрсдөө нөөцлөөд байгаа мэдээллийг дуулгасан байна. Тиймээс хяналт тавьж, тодорхой хуулийн төсөл боловсруулах үүргийг Засгийн газарт өгсөн байна. Мөн бүлгийн хуралдаанаар Үндэсний хөгжил шинэтгэлийн хороотой танилцсан дүнг хэлэлцжээ.

Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны өнөөдрийн эрх мэдлийг өөрчлөх, магадгүй УИХ-ын дэргэдэх байгууллага болгох зэрэг эрх үүргийг нь өргөтгөх шийдвэрийг УИХ-аас гаргуулах талаар хэлэлцсэн байна.

Сонгуулийн хуулийн төслийн хувьд мөн тодорхой мэдээлэл өгсөнгүй. Гэхдээ ажлын хэсгүүд хуулийн төслийг ирэх долдугаар сарын нэгнээс өмнө батлахын тулд ахицтай ажиллахаа хэлсэн юм.

МАН-ын бүлэг нь анхны тавьж байгаа байр суурин дээрээ хэвээрээ юу гэсэн асуултад "хуулийн төслийг хугацаанд нь батлуулахын төлөө ажиллана, өөр хувилбар ч оруулж ирэх магадлал бий" гэж бүлгийн дарга Ө.Энхтүвшин хариулсан юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top