Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын мэдээллийн агентлагуудын нэгдсэн байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн 33 дугаар хуралдаан өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлж байна. Хуралд оролцохоор уг бүсийн 14 мэдээллийн агентлагийн 30-аад төлөөлөгч хүрэлцэн ирлээ.
ОАНА нь дэлхийн хүн амын талаас илүү хувь оршин суудаг Ази, Номхон далайн бүс нутгийн мэдээллийн агентлагуудын нэр хүндтэй, нөлөө бүхий байгууллага юм. Эдүгээ энэ бүс нутгийн 33 орны 42 мэдээллийн агентлаг уг байгууллагын эгнээнд багтаж, ОАНА-гийн мэдээллийн нэгдсэн сүлжээгээр дамжуулан өөр хоорондоо болон дэлхийн бусад улс орны агентлагтай мэдээлэл солилцож байдаг. Үүний зэрэгцээ дэлхий даяар түгж буй мэдээллийн гуравны хоёр хувийг ОАНА-гийн гишүүн агентлагууд бэлтгэн цацаж байна.
Манай улсыг төлөөлж Монголын үндэсний мэдээллийн агентлаг МОНЦАМЭ 1981 онд ОАНА-гийн гишүүнээр элссэн билээ. Харин өнгөрөгч 2010 онд Туркийн Истанбул хотноо зохион байгуулагдсан ОАНА-гийн 14 дүгээр Ерөнхий Ассамблейн хурлаар МОНЦАМЭ агентлагийг ОАНА-гийн Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүнээр сонгож, тус зөвлөлийн 33 дугаар хуралдааныг 2011 онд Улаанбаатар хотноо хийхээр шийдвэрлэсэн юм. ОАНА-гийн эрх барих дээд байгууллага болох уг Ерөнхий Ассамблей нь гурван жил тутамд хуралддаг юм.
Харин ОАНА-гийн Гүйцэтгэх зөвлөл, түүнтэй нэгэн зэрэг Редакцийн болон Техникийн Зөвлөл жил бүр хуралдаж, Ерөнхий Ассамблейн гаргасан бодлого шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, ОАНА-гийн гишүүн агентлагуудын харилцаа, хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоог өргөжүүлэх болон цаг үеийн асуудал, зорилтуудыг хэлэлцэн шийдвэрлэдэг юм.
Гүйцэтгэх Зөвлөл уг нэр хүндтэй хуралдааныг эх орондоо анх удаа зохион байгуулагдаж буйтай зэрэгцэн МОНЦАМЭ агентлагийн 90 жилийн ой, ОАНА-гийн 50 жилийн ой тохиож байгаа нь давхар давхар онцлогтой бөгөөд хуралдааны нээлтэд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд оролцон мэндчилгээ дэвшүүлэх юм.
Энэ удаагийн Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанд ОАНА-гийн ерөнхийлөгч, Турк улсын Анадолу агентлагийн ерөнхий захирал Хилми Бенжи, ОАНА-гийн дэд ерөнхийлөгч, Малайз улсын Бернама агентлагийн ерөнхий менежер Хаснул Хассан болон Азербейжаны Азертаж, Трэнд агентлагууд, БНХАУ-ын Синьхуа, БНСУ-ын Ёнап, Вьетнамын ВНА /VNА/, Индонезийн Антара, Ираны Мер, Ирна, Тайландын ТНА, Японы Кёодо ньюс, ОХУ-ын Итар-Тасс, Туркийн Анадолу, Иракийн ВНА /WNА/ агентлагийн удирдах албан тушаалтнууд оролцохоор уригдан ирээд байна.
Гүйцэтгэх Зөвлөлийн 33 дугаар хуралдаанаар ОАНА-гийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд нийлүүлж буй мэдээ, мэдээллийн агуулга, чанарыг сайжруулах, мэдээлэл солилцоогоо дүрстэй /multimedia/ мэдээллээр улам өргөжүүлэх, энэ үүднээс техник, технологийн шинэчлэлтийг хамтран шийдвэрлэх тухай болон ОАНА-гийн тугны эх загварыг хэлэлцэж батлах, Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүдийг сонгох шалгуур үзүүлэлтийг боловсронгуй болгох, Ливан улсын Үндэсний мэдээллийн ННА (NNА) агентлагийг гишүүнээр элсүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм. Мөн энэ үеэр тус арга хэмжээнд оролцож буй мэдээллийн агентлагуудын дунд зарласан гэрэл зургийн уралдааныг дүгнэж шагналыг гардуулан, үзэсгэлэн гаргана.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )