Сүхбаатар дүүргээс зохион байгуулсан “Цэцгийн мандал, Цэцгийн баяр-2011” өдөрлөг өчигдөр боллоо. 2010 онд нийслэлийн Засаг даргын захирамж гарч “Цэцгийн баяр”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон. Тэгвэл сүхбаатарчууд энэ жил “Цэцгийн баяр”-аа Ардын хувьсгалын 90 жил сэдвийн дор зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Сүхбаатар дүүргийн 20 хорооны 1000 гаруй иргэн, 3000 гаруй цэцгээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулж оролцсон юм. Дүүргийн Засаг дарга Б.Баярмагнай цэцгийн баярыг нээж үг хэлэхдээ Нийслэлийн Засаг даргын санаачилгаар хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэ арга хэмжээнд иргэд идэвхтэй оролцож байгаад талархаж буйгаа илэрхийлэв. Түүнчлэн иргэдийн сэтгэхүйд өөрчлөлт гарч зөвхөн цэцэг тарьж зарах бус, Улаанбаатар хотоо зүлэгжүүлэхэд ч анхаарч байгааг сайшаалаа. Энэхүү арга хэмжээг цаашид зөвхөн баяр ёслол төдийгөөр тэмдэглэн өнгөрүүлэх бус, нийслэлээ цэцэгжүүлэхэд анхаарч өргөн хүрээнд зохион байгуулна гэдгээ ч хэлсэн юм. Харин хотын Ерөнхий менежер Ч.Бат “Цэцгийн баяр”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаад талархаж буйгаа илэрхийлээд, нийслэлийн төвийн зургаан дүүрэг өнөөдрөөс эхлэн цэцгийн баяраа хийнэ хэмээв. Тэрбээр “Энэ жил тохиож байгаа түүхэн тэгш ойнуудаа цэцэгсийн дунд тэмдэглэн өнгөрүүлцгээе” гэж уриалсан. Мөн “Цэцгийн мандал, Цэцгийн баяр-2011” арга хэмжээний хүрээнд урлаг соёлын тоглолт болсон юм.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )