Нутаг чөлөөлөх аянд мордсон “Гал үндэстэн” холбооныхон аавын хаалга татаад тав хонож байна. Хоригдож буй Ц.Мөнхбаяр, М.Баатархуяг, Д.Төмөрбаатар, Н.Самбуу, Т.Дашдэмбэрэл, Г.Болдбаатар, Ц.Энхбаяр нарын биеийн байдал хэвийн байгаа аж. Тэд Өвөрхангай аймагт алт олборлодог “Гурван тамга" компанийн техник хэрэгсэл рүү буудаж эд хөрөнгөнд нь халдсан гэх үндэслэлээр буруутгагдаж байгаа юм. Тус холбооны өмгөөлөгч, хуулийн зөвлөх Г.Дашдэмбэрэлийн эхнэрээс зарим зүйлийг тодрууллаа.
-Нөхрөө хоригдсоноос нь хойш уулзсан уу?
-Уулзаж байгаа. Биеийн байдал хэвийн байсан. Өдөрт ганц хоол өгдөг гэж байна билээ. Мэдээж хоригдсон хүн ямар олиг байв гэж. Сэтгэл санааны хувьд хэцүү л байгаа байх. Долоон хүн баригдсанаас дөрөв нь Ганц худагт, гурав нь "Дэнжийн 1000"-ын саатуулах байранд хоригдож байгаа.
-Танай нөхөр нутаг чөлөөлөх аянд яваагүй байсан. Тэгэхээр ямар үндэслэлээр саатуулсан юм бэ?
-Энэ сарын 23-ны 18.00-19.00 цагийн орчимд баривчилсан. Нэг үгээр хэлбэл, албан үүргээ гүйцэтгэж явахад нь баривчилсан байгаа. Тэр үед хүний мөрдөн байцаалтад өмгөөлөгчөөр нь оролцож байсан юм. Манай нөхрийг өнгөрөгч дөрөвдүгээр сарын19-ний жагсаал цуглааныг зөвшөөрөлгүй хийсэн, эмх замбараагүй байдал үүсгэсэн гэх хоёр үндэслэлээр саатуулсан. Энэ нь ямар ч хууль зөрчсөн явдал биш. Тухайн үед бүх зүйлийг хуулийн дагуу хийж байсан.
-Хэд хоногийн хугацаатай саатуулж байгаа юм бэ?
-30 хоног гэсэн.
-Өмгөөлөгчдийн холбооноос ямар нэгэн арга хэмжээ авна гэнэ үү?
-Өмгөөлөгч хүнийг ажлаа хийж явахад нь баривчилсанд эсэргүүцэж мэдэгдэл гаргана гэж байсан.
-Гадуур "Гал үндэстэн"-тэй холбоотой янз бүрийн мэдээлэл цацагдаж байна л даа?
-Харин тийм ээ. Зарим тал нь алтны компанийн нэрийг бариад л холбооныхныг буруутгах юм. Харин зарим нь бодит байдал юу болсныг мэдээлж байгаа. Тэгэхээр аль болох үнэн зөв мэдээллийг хүргэж байх учиртай байх л даа. Өнөөдөр (өчигдөр) 17.00 цагт Нийслэлийн шүүхэд "Гал үндэстэн"-тэй холбоотой шүүх хурал болсон. Бид гомдол гаргасны дагуу шүүх хурал болж байгаа юм.
Ц.Мөнхбаяртангууд алтны компаниуд руу гал нээсэн нь анхных нь биш. Тэд жилийн өмнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Пураам", "Сенттра гоулд" зэрэг компанийн техник хэрэгсэля рүү 22 удаа буудсан. Үүнээс болж эрүүгийн хариуцлагад татагдаж байсан удаатай. Уг хэрэг шүүхийн шатанд хэлэлцэгдэж байх үед тэд дахин хэрэгт холбогдож байгаа нь энэ юм. Энэ хэргийг удаа дараа давтан үйлдсэн тэдэнд хэрэг нь эцэслэн шийдэгдээгүй, батлан даалтад байхдаа шүүхийн зөвшөөрөлгүй орон нутаг руу явсан, дахин буун дуу гаргаж бусдын эд хөрөнгөд халдсан, танхайрсан гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа аж.
Эх сурвалж: Нийгмийн толь
Сэтгэгдэл ( 0 )