БНСУ-ын хилийн шалган нэвтрүүлэх, гадаад иргэдийн бодлогын асуудал эрхлэх албаны дарга Дон Хён Сүк тэргүүдтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр тэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газрын дарга Д.Мөрөн, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Мөнхбаатар нартай уулзсан байна. Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар нь тус хилийн шалган нэвтрүүлэх, гадаад иргэдийн бодлогын асуудал эрхлэх албатай 2007 оноос эхлэн хамтран ажиллах санамж бичиг байгуулсан аж. Төлөөлөгчид Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар хүрэлцэн ирж үйл ажиллагаатай нь танилцан хамтын ажиллагааны дүн цаашид хамтран ажиллах чиглэл, хоёр орны иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр болон ирэх есдүгээр сард Улаанбаатар хотноо болох АСЕМ-н аравдугаар хурлын бэлтгэл хангаж ажиллахад хамтрахаар болов. Мөн Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын мэдээллийн технологийн системийг хөгжүүлэх төслийг ирэх жилээс хэрэгжүүлэхээр БНСУ-ын хилийн шалган нэвтрүүлэх, гадаад иргэдийн бодлогын асуудал эрхлэх албатай урьдчилан тохиролцсон аж. Дашрамд дурдахад, БНСУ-д 30520 монгол иргэн ажиллаж амьдарч байгаагийн 35 хувь нь хууль бусаар оршин суудаг байна. Монголчууд ирсэн зорилгоо тодорхойлж чадахгүйн улмаас 2007 онд 1667 иргэн хилээс буцаж байсан бол 2010 онд 538 болсон нь БНСУ-н хилээс буцдаг монголчуудын тоо 68 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж.
Эх сурвалж: Нийгмийн толь сонин
Сэтгэгдэл ( 0 )