36 мянган гадаадын иргэнд үнэмлэх олгоно

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 28

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар Монгол Улсад оршин суугч гадаадын иргэдэд оршин суух үнэмлэх олгохоор заасан байдаг аж. Энэ ажлын хүрээнд гадаадын иргэдэд үнэмлэх олгохоор болжээ. Уг үнэмлэхийг оршин суух хэлбэрээс хамаарч долоон өнгөөр хэвлэн гаргана. Тухайлбал, хөрөнгө оруулагч саарал, суралцагч ягаан, хөдөлмөр эрхлэгч шаргал өнгийн үнэмлэхтэй болох аж. Одоогийн байдлаар нийт 36 мянга гаруй гадаадын иргэнд үнэмлэх олгох тоо гарчээ. Үүнээс 19 мянга гаруй иргэнд олгож эхэлсэн байна. Үнэмлэх олголт 60 хувьтай байгааг албаныхан хэлэв. Энэ үнэмлэхийг олон улсын хэмжээнд мөрдөгддөг хэмжээ стандартын шаардлага хангасан интеграл схем бүхий цахим хэлбэртэй олон төрлийн нууцлалтай, чамгүй багтаамжтай хийсэн тул иргэд хуурамчаар үйлдэх боломжгүй юм. Оршин суух үнэмлэхний мэдээлэлд тухайн хүний овог нэр, төрсөн он сар өдөр, паспортын дугаар, оршин суух хаяг зэргээс гадна өөрийнх нь фото зураг, арван хурууны хээ зэрэг мэдээлэл багтжээ. Үнэмлэхийг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-5 дахин нэмэгдүүлсэн мөнгөн торгуулийн арга хэмжээ авах аж. Эл үнэмлэхийг гадаадын иргэд биедээ байнга авч явах үүрэгтэй гэнэ.

Эх сурвалж: Нийгмийн толь сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top