Вьетнам Тарзан соёлт ертөнцөд ирээд удалгүй нас нөгчжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 14

Дөчин жил ширэнгэн ойд амьдарсан “Вьетнам Тарзан” гэж алдаршсан Хо Ван Ланг 52 насандаа хорт хавдрын улмаас нас баржээ.

“The Daily Mail” хэвлэлд мэдээлснээр, тэрбээр соёлт ертөнцөд ирээд найман жил амьдарчээ. Хо Ван Ланг Вьетнамын дайны үеэр Америкийн цэргийн хүчний бөмбөгдөлтийн үеэр ар гэрийнх нь амиа алдсаны дараа 1972 оноос хойш эцгийн хамтаар ширэнгэн ойд амьдрах болжээ. Өнгөрсөн хугацаанд тэд гадаад ертөнцөөс тасарсан байна. Ширэнгэн ойд байхдаа тэрээр эцгээсээ гадна ердөө таван хүнийг харж байсан бөгөөд эмэгтэй хүнийг ганц ч удаа харж байгаагүй аж. Тэр өөрийгөө голын усанд туссан дүрсээр төсөөлж, арав хүртэл тоолж чаддаг байв. Энэ бүх хугацаанд Хо сарьсан багваахайгаар хооллодог байсан гэнэ.

Түүнийг 2013 онд түлээчид олж, тосгонд авчирчээ. Гэвч соёлт ертөнц түүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлжээ. Түүний найз Альваро Сересогийн ярьснаар, Хо соёлт ертөнцөд эргэн ирснээр боловсруулсан хоол хүнс идэж, согтууруулах ундаа уудаг болсон нь эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлсөн.

Тэрээр энэ сарын 13-нд элэгний хорт хавдраар насан өөд болсон байна.

Альваро Сересо түүнтэй соёл иргэншилд эргэн ирснээс хойш хоёр жилийн дараа “Docastaway” байгууллагын шугамаар танилцжээ. Тус байгууллага нь соёл иргэншлээс зугтаж, хэсэг хугацаанд эзгүй арал дээр өнгөрүүлэхийг хүссэн хүмүүст туслах үйлчилгээ үзүүлдэг байна. Сересо түүнтэй хамт эзгүй аралд нэг долоо хоног хамтдаа өнгөрүүлж, ширэнгэн ойд хэрхэн амьд үлдэх талаар суралцжээ. Тэрбээр найзынхаа тухай ном бичиж, түүний ширэнгэн ойд өнгөрүүлсэн дурсамжтай мөчүүдийг дүрс бичлэгт буулгажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top