Монголын Засгийн Газар Хятадаас бензин гуйлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 29

БНХАУ-аас эхний ээлжинд 22 мянган тонн АИ-92, цаашид сар бүр 10 мянган тонныг авч байх Засгийн газрын албан ёсны хүсэлтийг Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, Шадар сайд М.Энхболд БНХАУ-ын талд хүргүүллээ. Тэрбээр өчигдөр БНХАУ-ын Элчин зөвлөх Ван Фү Каныг хүлээн авч уулзсан байна. Саяхан Улаанбаатар хотноо болсон Засгийн газар хоорондын комиссын хуралдаан амжилттай болж, харилцаа, хамтын ажиллагааны олон чухал асуудлыг шийдсэнд баяртай байгаагаа Шадар сайд уулзалтын эхэнд илэрхийллээ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр 60 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэх, 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн Ерөнхий хэлэлцээр гээд 10 баримт бичигт гарын үсэг зурсаныг тэрбээр тэмдэглэв. Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар талууд мөн газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн талаар нухацтай хэлэлцэж, шаардлагатай үед харилцан ярилцаж, шийдвэрлэж байх тохиролцоонд хүрчээ. Энэ дагуу шатахуун авах хүсэлтээ Элчин зөвлөхөөр нь дамжуулан БНХАУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын комиссын Хятадын хэсгийн дарга, Худалдааны яамны орлогч сайд Чэн Зяньд хүргүүлж байгаа нь энэ юм. Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг нэн даруй уламжлахын зэрэгцээ ажил хэрэг болгохын тулд өөрсдөөс шалтгаалах бүх арга хэмжээг авч, нэн даруй хариу мэдэгдэнэ гэдгээ Элчин зөвлөх Ван Фү Кан илэрхийлэв.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top