Эрхээ хасуулсан “ Гал үндэстэн“ холбооныхон өлсгөлөн зарлаж, “Гал үндэстэн эмэгтэйчүүдийн холбоо” шинээр байгуулагдав

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 29


“Гал үндэстэн”  холбооныхон нутаг чөлөөлөх аянд гарсанаар  Сэлэнгэ аймгаас маш нууц алтны орд илрүүлэн, мөн хэд хэдэн компанийн үйл ажиллагааг зогсоохоор болсон билээ. Гэвч энэ сарын 19-ний өдөр  Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Өртөнгийн голд хууль бусаар алт олборлож байсан “Ирмүүн босго” компаний удирдлагад үйл ажиллагаагаа зогсоох тухай удаа дараа шаардлага тавиад хүлээж аваагүй учир алт угаадаг усны насос руу буудсаны улмаас баривчлагдан нийслэлд хүргэгдэж  ирсэн. Цагдаагийнхан буруутгаж компаний өмч хөрөнгөнд хууль бусаар халдаж, хохирол учруулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд юм. Тэд өөрсдийг нь хууль бусаар хоморголон баривчилсан гэж үзэж байгаа бөгөөд өчигдрөөс эхлэн Дэнжийн мянгад байрлаж байгаа Түр саатуулах байранд хоригдож байгаа Г.Дашдэмбэрэл, Ц.Энхбаяр нар эхний ээлжинд нойтон өлсгөлөн зарлажээ. “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, Д.Төмөрбаатар, О.Самбуу-Ёндон, М.Баатархуяг нарт эрүүгийн хэрэг үүсгээд байгаа бол, Г.Болдбаатар, Г.Дашдэмбэрэл, Ц.Энхбаяр нарыг жагсаал цуглаан зохион байгуулж эмх замбараагүй байдал үүсгэсэн  гэх үндэслэлээр баривчлаад байна. “Гал үндэстэн” холбооны гишүүд “ Бидний үйлдлийг хянаж аль болох буруутгахыг хичээдэг. Сая нутаг чөлөөлөх аянд мордсон гишүүд бүгд хуулийн дагуу хийж байсан. Явсан газар бүртээ бичлэг хийж, зураг авсан юм.  Зүүнбаян-Улаан сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч хошууч Зоригоо бидний ажилтай танилцаад хамтрах тухайгаа хэлж байсан атал одоо биднийг буруутгаад зогсож байна. Манайхны хийсэн дүрс бичлэгийг устгасан байна. Үүгээр бидний нотлох баримтыг устгасан гэж бодож байгаа ч бидэнд бас үзүүлэх юм бий. Биднийг бас нутгийн компанийг дарамталж мөнгө авсан гээд байгаа. Үнэндээ бол “Ирмүүн босго” компаний эзэн Цогоо нь “та нөхдийн ажлыг дэмжиж байна. Нэг өдрийн чинь хоол хүнсийг даая” хэмээн 500 мянган төгрөг өгчихөөд маргааш нь мөнгө авсан гэж гүтгэсэн. Харийн компаниуд газар нутгийг минь сүйдэлж байгааг манай хуулийнхан харсаар мэдсээр байж эх нутгаа хамгаалах гэсэн хүмүүсийн эрхийг хязгаарлана гэдэг хууль бус үйлдэл” хэмээн ярьж байна.

 Хоригдож байгаа Г.Болдбаатарын биеийн байдал сайнгүй байгаа тул хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байгаа аж.

Өчигдөр ””Гал үндэстэн" холбооны гишүүд, хоригдож буй хүмүүсийн ар гэрийнхэн тэднийг суллахыг шаардаж хэвлэлийн бага хурал зарлав. Тэд Ц.Мөнхбаяр тэргүүтэй долоон хүний хоригдсон эхнэрүүд "Гал үндэстэн" эмэгтэйчүүдийн холбоо байгуулж байгаагаа дуулган, тэднийг суллахыг шаардан Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах хүсэлтээ байгаагаа мэдэгдэв.

Мөн Засгийн газарт таван шаардлага хүргүүлэхээ дуулгасан юм. Уг шаардлагад "Эх орныхоо төлөө амь нас, эрх чөлөөгөө золиослон тэмцэж байгаа иргэдээ нэн даруй суллах, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийг нэн даруй хэрэгжүүлэх, алт олборлож байгаа компаниудын үйл ажиллагааг Ашигт малтмалын газар, БОАЖЯ, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран хууль зөрчин үйл ажиллагаа явуулж буй компаниудын үйл ажиллагааг таслан зогсоох, хууль зөрчин ажиллаж буй компаниуд Монгол орны газрын хэвлийгээс хэдэн төгрөгийн ашиг олсноо зарлах, эдгээр компани Монгол Улсад хэдэн төгрөгийн татвар төлснийг Татварын газар, Монголбанкинд хэдэн кг алт тушаасныг төв банк олон нийтэд зарлах, байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг яаралтай хийж зарлах, Монголын Засгийн газар хамтарч алтны уурхай бүхий нутгуудад амьдарч байгаа, амьдарч байсан хүмүүсийн эрүүл мэнд, амь амьжиргаа хэрхэн хохирсон хохирлыг судлан тооцож гаргаж нийтэд мэдээлэхийг шаардаж байна" гэжээ. “Гал Үндэстэн” холбооны эмэгтэйчүүд өөрсдийн гаргасан уриалгадаа “Бүх эмэгтэйчүүдийг оролцохыг хүсч байна. Бид тэргүүн хатагтайгаас авахуулаад Монголд амьдарч буй бүх эмэгтэйчүүдтэй уулзаж гарын үсэг цуглуулах болно” гэлээ. Эх орон газар шорооныхоо төлөө тэмцэгч “Гал Үндэстэн” холбооныхныг буруутгаж эрүүгийн болон эмх замбараагүй байдал үүсгэсэн гэх үндэслэлээр  баривчилсан бол ийнхүү “Гал үндэстэн эмэгтэйчүүдийн холбоо шинээр гарч ирлээ”.

Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top