Хэнтийн оюутнууд Солонгост суралцахаар боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 29

Хэнтий аймгийн 25 залуус Өмнөд Солонгосын Хан Мины их сургуульд суралцахаар боллоо. Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан комисс шалгалтыгавчээ. Харин Солонгосын тал сурагчидтай ярилцлага хийсэн байна. Нийт 27 сурагчдаас 20-ийг нь сонгон авах учиртай Хан Мин их сургуулийн дэд захирал, "Шинэ тосгон" тэнхимын эрхлэгч, гадаад харилцааны хэлтсийн ажилтан нарын бүрэлдэхүүнтэй Солонгосчууд хүүхдүүдийн чин хүсэл эрмэлзлэл, өөрийгөө илэрхийлэх чадварыг нь хүндэтгэн үзэж шалгалтад оролцсон 25 сурагчдыг бүгдийг нь элсүүлэн авахаар болсноо мэдэгдлээ. Солонгос улсад суралцах тэдгээр сурагчид Хэрлэн, Баян-Овоо, Цэнхэрмандал сумд болон Бор-Өндөр хот тэрчлэн МСҮ-ийн төвийн залуус байлаа. Хан Мин их сургууль нь улсынхаа төв хэсэг Тэжон хотод оршдог, хоёр цогцолбор, 10 тэнхимтэй, дөрвөн салбар, есөн судалгааны төв, хоёр салбар боловсролын байгууллагатай, олон мянган оюутантай юм байна. Удирдагчийг бэлтгэх, хөдөлмөрч байдал, өөрийгөө ялах, эв нэгдлийн "Шинэ Тосгон" хөдөлгөөнөөр ертөнцийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой энэ сургууль нь одоогоор Монгол, ОХУ, Филиппин, Балбын оюутнуудыг газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй, мод үржүүлэг, загасчлалын мэргэжлээр сургахаар элсэлтээ авч байгаа ажээ. "Шинэ Тосгон" сургууль нь, хөдөлмөрч байж бусдын дэмжлэгийг үл горилох, бие даах чадвартай байх, мздлэг чадвараа бусадтай хуваалцан түгээн дэлгэрүүлэх гэсэн гурван зарчмыг баримталдаг байна.
Хэнтийн оюутнууд наймдугаар сард эрдмийн аяндаа мордож есдүгээр сарын нэгнээс эхэлж зургаан сарын хугацаатай хэлний бэлтгэлд суух бөгөөд энэ хугацаанд солонгос хэлийг дунд түвшинд эзэмшсэн байх шаардлагыг хангаж чадахгүй тохиолдолд нутаг буцахдаа тулах гэнэ. Сургуулийн нээлтийн ёслолд Солонгос улсад суугаа манай улсын элчин сайд аймгийн Засаг дарга нарыг биечлэн оролцохуулахаар төлөвлөсөн байна.
Сурагчдын төлбөрийн тал хувийг сургуулиас нь хөнгөлж гэрээгээр суралцагсад хөдөлмөр эрхлэх нь хориотой байдаг боловч Хан Мин сургуулийн зүгээс зуучилж сургалтын бус цагт тохирсон ажил хийж бусад хэрэгцээгээ хангах боломжоор хангах юм байна. Аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга С.Эрдэнэжаргал, "Хэнтий аймгийн зүгээс ч оюутнууддаа багагүй хөнгөлөлт санхүүгийн дэмжлэгийг үзүүлнэ" гэж ярилаа. Одоогоор Хан Миний их сургуульд нэг ч Монгол суралцагч байхгүй тул Солонгосын өөр их сургуульд суралцдаг Монгол оюутан бүсгүй хэлмэрчээр ажиллахаар ирсэн байлаа.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top