Нийслэлчүүд, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, Улсын баяр наадмыг угтаж хотоо цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламжийн ажлын үр шимийг олон түмэнд хүргэх, нийтийн хүртээл болгох зорилготой цэцгийн баяр тэмдэглэдэг уламжлал тогтоод байгаа билээ. Дүүргүүд өөр өөрсдийн нутаг дэвсгэрт орших талбай, өндөрлөг гээд сонгож авсан газрууддаа шилдэг зохиомж, шийдэл бүхий цэцгийн мандлыг иж бүрнээр байгуулж, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх юм. Ингэхдээ мэргэжлийн байгууллагыг татан оролцуулж, усалгаа арчилгааны асуудлыг бүрэн шийдэж өгөх аж. Мөн байгууллага, аж ахуйн нэгжүүдийг өөрийн эзэмшлийн болон нийтийн эзэмшлийн талбайд цэцгийн мандал байгуулах ажилд татан оролцуулах, цаашид жил бүр уламжлал болгон хэвшүүлэх гэнэ. Энэхүү ажлын хүрээнд өчигдөр Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас Асашёорюүгийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд “Цэцгийн баяр-2011” өдөрлөг зохиов. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн 450 метр кв талбайг зүлэгжүүлж, цэцгийн мандлаар чимжээ. Мөн Байгалийн түүхийн музейн урд дахь “Учралын цэцэрлэгт” хүрээлэнг залуу хосуудын учралыг бэлгэдсэн цэцгийн мандлаар чимжээ. Цэцэрлэгт хүрээлэнг цэцэгжүүлэх ажилд “Асашёорюү” сан 7,5 сая төгрөгийн хандив өргөсөн байна. Цэцэг хүний сэтгэлийг сэргээдэг гэдэг утгаар цэцгийн мандлыг мэргэжлийн хүмүүсийн тусламжтайгаар төрөл бүрийн дизайнтай хийсэн байлаа. Томоос том эрвээхэй, хосуудын хайрыг бэлгэдсэн цэцгийн мандлыг Асашёорюүгийн нэрэмжит цэцэрлэгээс харж болно.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )