“Алтан Дорнод Монгол” компанийн захирал С.В.Паушокийг Олон улсын арбитрын шүүхэд ялсан талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж зарлан баяртайгаар мэдэгдэж байлаа. Арга ч үгүй юм. Манай улсаас ОХУ-ын залилагч эрийн төлөө Хууль зүй, дотоод хэргийн яамныхан гурван жилийн турш тасралтгүй зүтгэж, зургаан сая ам.долларыг зарцуулан байж шүүхдэлцсэний хүч хөдөлмөр юм. Харамсалтай нь олон улсын шүүх дээр ялсан бидний ялалт ердөө аравхан хоногийн дараа Ерөнхий прокурор Д.Дорлигжавын санаачлагаар хүчингүй болсон билээ. Д.Дорлигжав "Алтан Дорнод Монгол" компанитай холбоотой татварын хэргийг эрүүгийн биш, иргэний журмаар шийдвэрлэхээ мэдэгдэж, хэрэгсэхгүй болгосон нь тэр. Гэтэл С.В.Паушок хэмээх эрхэм нь ганцхан татварын хэрэгт холбоотой биш гэдгийг энгийн иргэн хэлээд өгөх мэдээлэлтэй. Татварын хэргээс гадна "Анод", "Зоос" банкаар дамжуулан гадаадын компаниас мөнгө угаасан, иргэн Ж.Энхболдыг залилсан, шүүхийн шийдвэрийг санаатай биелүүлээгүй гээд эрүүгийн гэмт хэрэгт холбоотой хэд хэдэн үйлдэл байгааг нь хуульчид хэлж байна. Хэрэв В.С.Паушокийн хөрөнгийг битүүмжлэлээс гаргах байсан юм бол Олон улсын шүүхэд улсаа ялуулах гэж хэсэг хүн шар махтайгаа хатаж, төсвийн зургаан сая ам.долларыг зарлагадахын хэрэг юу байна. Анхнаасаа л хөрөнгийг нь битүүмжлэлээс гаргаж, үйл ажиллагааг нь эхлүүлэх зөвшөөрөл олгочихгүй яасан юм бол гэсэн асуулт гарч ирж байгаа юм.
Нөгөө талаас Олон улсын арбитрын шүухэд ялалт байгуулснаа баяр бахдалтайгаар зарлаж байсан Ц.Нямдорж сайд хийсэн ажлыг нь шороотой хутгасан Ерөнхий прокурорын үйлдэлд тухайн үед, одоо ч яагаад огт дуугүй байна вэ. Түүний эс үйлдэхүй нь бас л сонирхол татаж байна. Тэрээр ялалтын тухай хэлэхдээ, "Арбитрын шүүхээс Монгол Улс уул уурхайн бараа, бүтээгдэхүүнд ногдуулах татварыг нэмэгдүүлсэн цорын ганц орон биш гэж үзээд нэхэмжлэлийг хүчингүй болгосон 169 хуудас бүхий шүүхийн шийдвэрийг бидэнд шөнийн 03.00 цагт цахим хаягаар илгээлээ. Энэ шийдвэр "Алтан Дорнод Монгол" мэт алтыг нь аваад авдрыг нь хаядаг дараа дараагийн гадны хөрөнгө оруулалттай компаниудад сургамж болог. Монголын хуулийг хэн ч үл зөрчиж болно" хэмээн зангарагтайгаар мэдэгдэж байлаа. Харин түүний энэхүү мэдэгдэл сонин хэвлэлийн зай талбайг "эзэгнэж" дуусаагүй байтал Ерөнхий прокурор Д.Дорлигжавын үүрэг даалгавраар хяналтын прокурор О.Мөнхбаатар С.В.Паушокт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож," Алтан Дорнод Монгол" компанийн тамга, санхүүгийн тэмдэг, Архангай аймгийн Цэнхэр сумын Бодонт, Өлзийт газарт байрлах компаниудаас эхлээд битүүмжлэлтэй бүх хөрөнгийг буцаан олгохоор шийдвэрлэсэн тогтоол гаргалаа. Гэтэл өнөөх ялалт байгуулснаа баяр бахдалтайгаар зарласан Ц.Нямдорж сайд Д.Дорлигжавын энэхүү үйлдэлд ус залгисан аятай юу ч дуугарсангүй. Түүний хариуцсан салбарынхан С.В.Паушокийн хууль бус үйлдлийг илрүүлж, хариуцлага ногдуулахын төлөө гурван жилийн туршид зүтгэсэн байтал ганц ч үг ганхийхгүй байгаа нь сонирхол татаж байна. Тэр тусмаа өөрийгөө Монголын хамгийн шударга сайд гэж үздэг Ц.Нямдорж яагаад энэ үйлдэлтэй эвлэрсэн мэт таг дуугүй сууна вэ. Үүнийг нь зарим нь "Увсын ах дүүс нэгэндээ хүлцэнгүй загнаж байгаа нь тэр" гэцгээх юм. Тэгээд ч хуулийн салбарын гал тогоонд 20 байтугай хоёр ч жил ажиллаж үзээгүй Д.Дорлигжавыг прокурорын байгууллагын удирдлагаар сонгоход МАНАН-гийнхан Ц.Нямдоржийн ятгалгаар ногоон гэрлээр баталсан гэх юм билээ.
Хэрэгсэхгүй болгох дүгнэлтэд юу өгүүлэв
Хяналтын прокурор О.Мөнхбаатарын протоколд хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрээ ийн тайлбарлажээ.
"Алтан Дорнод Монгол" компани нь 2007-2008 онд нөхөн татвар, хүү, торгууль, алданги зэрэг нийт 75 тэрбум төгрөгийн татвар, зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварт нийт 52 тэрбум төгрөг, нийт 127 тэрбум төгрөгийн төлбөртэй болох нь татварын улсын байцаагч, Шүүх нягтлан бодох бүртгэлийн магадлах товчооны шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Харин "Алтан Дорнод Монгол" компанийн гүйцэтгэх захирал С.В.Паушок, дэд захирал Б.А.Игошин нар нь татвар ногдох онц их хэмжээний орлого, эд хөрөнгө, ажил үйлчилгээ, бусад зүйлийг нуух, тэдгээрийн тоо хэмжээг зориуд бууруулан мэдээлэх зэргээр татвар төлөхөөс зайлсхийсэн гэсэн үйлдэл тогтоогдсонгүй. Иймд,
1.С.В.Паушокт холбогдох 20947101 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, "Бумбат", "Алтан Дорнод Монгол" компанийи тамга, санхүүгийн тэмдгийг буцаан олгосугай.
2.Дараах эд хөрөнгийг битүүмжлэлээс гаргасугай.
• "Алтан Дорнод Монгол", "Бумбат", "Востокнефтьгаз", "Яхтон" компаниудын арилжааны банкуудын дансанд байгаа мөнгөн хөрөнгө, Ашигт малтмалын газрын тосны хэрэг эрхлэх газарт бүртгэлтэй ашигт малтмалын тусгай зөвшөөрөл
• Архангай аймгийн Цэнхэр сумын Бодонт, Өлзийт гэх газруудад байрлах алтны уурхай
• Хан-Уул дүүрэгт байрлах төв агуулах
• Сонгинохайрхан дүүрэгт байрлах нефть бааз
• Төв аймгийн Заамар суманд байрлах Заамар, Баянгол, Баянгол Драг, Ар наймган, Туул дэнж, Хайлааст зэрэг газрууд
•"Бумбат" компанийн эд хөрөнгө гэжээ.
Ерөнхий прокурор Д.Дорлигжавын даалгавраар гүйцэтгэгдсэн энэ тогтоол гараад долоо ч хонолгүй тус компаниас шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны барагдуулах өр төлбөрийг хүртэл түдгэлзүүлэхээр болов. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн шүүхээс В.С.Паушокт холбогдох 16.2 тэрбум төгрөгийн төлбөртэй 24 хуудас шүүхийн шийдвэр гүйцэттэх тогтоолыг хүчингүй болгож, түдгэлзүүлсэн юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд түүний төлөх 16.2 тэрбум төгрөгөөс ердөө 513 сая төгрөг хэл амтай авсан байдаг юм.
С.В.Паушокийн үйлдэл, Д.Дорлигжавын мэдэгдэл хоёр яагаад зөрнө вэ?
Мөрдөн байцаах газраас С.В.Паушокт татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр Эрүүгийн хуулийн 166.2, шүүхийн шийдвэрийг үл биелүүлсэн хэргээр мөн хуулийн 258.1, иргэн Ж.Энхболд болон Японы "Иточу" компанийг залилсан хэргээр 148.3-т заасанчлан гурван хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байв. Гэтэл Д.Дорлигжав саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа "С.В.Паушокт ердөө ганцхан асуудал дээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байсан. Энэ нь татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэг юм" гэжээ. Гэтэл С.В.Паушокт холбогдох хэргийн хавтаст хэрэгт түүнийг дээрх олон зүйл заалтаар мөрдөн байцааж, эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай цагаан дээр хараар тэмдэглэсэн байна. Хачирхалтай нь Д.Дорлигжав үүнийг үгүйсгэж, ганцхан татварын хэрэг л бий. Үүнийг эрүү биш, иргэний журмаар шийдвэрлэх нь илүү зохимжтой гэж ярьж байгаа юм. Ер нь ингэхэд яагаад Ерөнхий прокурор Д.Дорлигжав монголчуудыг хэдэн тэрбумаар хохироосон татвараа төлөөгүй оросыг өмгөөлж хамгаалаад байна вэ. Энэ бүхэн нь цаад утгаараа иргэн Ч.Бямбаатай шууд холбож болохоор харагдаж байна. Учир нь Ч.Бямбаа, Д.Дорлигжав нар нутгийн ах дүүс, "Эрдэнэт" үйлдвэрээс 800 мянган ам.доллар зувчуулсан хэрэгт хамтдаа холбогдож байлаа. Тэгвэл Ч.Бямбаа, С.В.Паушок нар 2008 оноос хойш нөхөрлөж эхэлсэн гэх мэдээлэл бий. Бүр С.В.Паушокийн ачаар Ч.Бямбаа Москва хотод уул уурхайн чиглэлээр номын дуу сонсч, 800 мянган ам.долларын хэрэг намжиж, хэрэгсэхгүй болтол түр орогносон гэх юм билээ.
“Алтан Дорнод Монгол”-ын залгамжлагч Ч.Бямбаа гэж хэн бэ?
Чангаагийн Бямбаа Ерөнхий прокурор Д.Дорлигжавтай нэг нутаг, Увс аймгийн харьяат, АН-ын гишүүн. Тэрээр 1987 онд хуучнаар ЗХУ-ын Жданов хотын Төмөрлөгийн их сургуулийг уул уурхайн инженер мэргэжлээр төгсчээ. Энэ хугацаанд уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт засварчин, гагнуурчнаас эхлээд мастер инженерээр дэвшин ажилласан байна. Харин хожим 2005 онд "Эрдэнэт" үйлдвэрийн захирлаар Д.Дорлигжав томилогдон ажиллахдаа Ч.Бямбааг нутгийн дүү хэмээн орлогч захирал болгон дэвшүүлж ажиллуулсан. Харамсалтай нь тэрээр орлогч захирал болоод удалгуй "Эрдэнэт" үйлдвэрээс зугтсан байдаг. Учир нь тэрээр Д.Дорлигжавын 800 мянган ам.долларын гэх хэрэгт хам хэрэгтнээр оролцож, Англи руу оргон зайлсан гэх юм билээ. Тодруулбал, Д.Дорлигжавын зувчуулсан 800 мянган ам.долларыг тэрээр Кипр рүү шилжүүлэн авсан тухай цагдаагийн байгууллагын протоколд бичээстэй байдаг гэнэ. Нутгийн ах дүүс үгсэн тохиролцож "Трайвен Трейдинг" гэдэг хувьцаат компани байгуулан тус мөнгийг Киприйн банкнаас дансны аргаар шилжүүлэн авчээ. Уг мэдээллийн дагуу Монголын цагдаа Ч.Бямбааг эрэн сурвалжилж Кипр орсон ч олоогүй, харин Англид хараад алдсан тухай ярьдаг юм билээ. Хачирхалтай нь мөнгө шилжүүлж авсан "Трайвен Трейдинг" компани нь байгуулагдсанаас хойш 11 хоногийн дараа татан буугдсан байлаа. Энэ талаар Д.Дорлигжав "Би баруун аймгийнхны цахилгааны өрийг барагдуулахын тулд "Трайвенг Трейдинг" компанийг байгуулсан” хэмээн хавтаст хэрэгт мэдүүлжээ. Харин Ч.Бямбаа нь энэ талаар өгүүлэхдээ "Би үйлдвэрийнхээ ачаар Лондоны металлын бирж дээр томилогдон ажиллах хувь тохиосон" гэх юм билээ. Тэрээр "оргон зугтсан" хугацаандаа Москвагийн Уул уурхайн их сургуульд уурхайн чиглэлээр техникийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Аз болоход 2009 оны эхээр Д.Дорлигжавт холбогдох хэрэг хэрэгсэхгүй болж, Ч.Бямбаа эх орондоо ирэх "эрх"-тэй болсон юм. Эх сурвалжийн мэдээлснээр тэрээр С.В.Паушокийн дэмжлэгтэйгээр ОХУ-д суралцсан гэх бөгөөд ирсэн даруйдаа үйл ажиллагаа нь тодорхойгүй "Сборник" компани байгуулж, "Монгол-999" нэгдэлд 2009-2010 оны ТУЗ-ийн гишүүнээр сонгогджээ. Харин энэ жил тус нэгдлээс мултарч, "Алтан Дорнод Монгол"-д толгой мэдэж компанийг залгамжилна хэмээн томорч байгаа нь энэ.
С.В.Паушок 2038 он хүртэлх хугацаанд алт олборлох 39 лиценз авчээ
Таджикстан улсад "Памир" алтны артель болон Буриад Улсын Муйскийн район, Таксимо тосгонд алт олборлогчоор ажиллаж байсан ОХУ-ын иргэн С.В.Паушок манай улсад 1997 онд иржээ. Тэрээр ирсэн даруйдаа тус оныхоо арваннэгдүгэзр
сарын 1-нд ОХУ-ын 100 хувийн херөнгө оруулалттайгаар "Алтан Дорнод Монгол" хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулж, Үндэсний татварын ерөнхий газрын харьяа Улсын бүртгэлийн албанд 212868 дугаартай регистр, 9019007011 дугаартай бүртгэлийн гэрчилгээ гардан авчээ. Бүртгүүлэхдээ үндсэн ажил нь ашигт малтмал олборлох, геологийн эрлийн ажил, тандалт судалгаа явуулах бусад тохиолдолд баяжуулах аргаар үнэт металл, үнэт чулуу гаргаж авах шинэ технологи боловсруулах, барилга угсралт болон экспорт, импортын үйл ажиллагаа явуулах гэх мэтчилэн олон салбарт хүч үзэхээр бүртгүүлж байжээ. Үйл ажиллагаа эхлүүлээд удаагүй байхдаа хайгуулын болон олборлолтын хоёрхон лиценз эзэмшиж байсан бол цагдаа, шүүхийн хаалга татахаас өмнө буюу 2008 онд лицензийн тоо 99-д хүрсэн байв. Тэд жилд дунджаар дөрвөн тонн орчим алт олборлодог гэх бөгөөд 2005 он хүртэлх хугацаанд 18 тонн цэвэр алт олборлож, борлуулалтынх нь орлого 206 сая ам.долларт хүрсэн байна. Гэхдээ энэ нь Монголын баялгийг сэндийчэж авсан эцсийн дүн биш. Албаныхны мэдэгдэж байгаагаар 25 тонн алт Монголоос ухаж авсан болохыг батлан хэлж байна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )