ГИХГ: "ITM 2021" аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцлоо

Админ | Zindaa.mn
2021 оны 10 сарын 28

"Хүртээмжтэй аялал жуулчлал" уриан дор 22 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "ITM 2021" олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн өнөөдөр (2021.10.28) нээлтээ хийлээ.

Уг үзэсгэлэнд Гадаадын иргэн, харьяатын газар оролцож, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой шинээр нэвтэрсэн  цахим визийн талаар танилцууллаа.

Цахим визийн  Electronic Visa Application System буюу EVisa.mn цахим системийг 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс ашиглалтад оруулж, дэлхийн 30 гаруй орны иргэдэд жуулчин /K2/, соёл урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцох /K4/, дамжин өнгөрөх /K6/ ангиллын цахим виз мэдүүлэх боломжийг бүрдүүлээд байгаа юм. Тиймээс уг арга хэмжээний үеэр цахим визийг хэрхэн мэдүүлэх, цахим виз мэдүүлэх юуг анхаарах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Мөн энэ үеэр гадаадын иргэдэд бүртгэлийн дугаар олгох үйлчилгээ үзүүллээ. Тодруулбал, Хуулийн зохицуулалтаар гадаадын иргэдийн бүртгэл, хяналтыг сайжруулах зорилгоор гадаадын иргэний хурууны хээг хил дээр авч, нэг удаагийн дахин давтагдахгүй дугаар олгохоор заасан бөгөөд үүний дагуу 13 орон бүхий бүртгэлийн дугаар /F регистр/-ыг ийнхүү олгож байна. Энэхүү дугаар олгогдсоноор гадаадын иргэд Монгол иргэдийн адил банкны үйлчилгээ авах, нийгмийн даатгал, татвар төлөх, E-Монголиа системд нэвтэрч бүх төрлийн үйлчилгээ авах боломж нээгдэж юм.

Уг арга хэмжээ 28, 29, 30-ны өдрүүдэд 3 өдөр үргэлжлэх бөгөөд энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын эрхлэх чиг үүрэгтэй холбоотой бүх төрлийн мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top