Монгол Улс ААН, байгууллагуудаа тоолж эхэллээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 11 сарын 01

Статистикийн хуульд заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллага /ААНБ/-ын улсын зургаа дахь удаагийн тооллого өнөөдрөөс (2021.11.01) улс даяар эхэллээ.

2021 оны ээлжит тооллогыг арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс нэг сарын хугацаанд зохион байгуулна.

Тооллогод өмчийн бүх хэлбэрийн ААНБ,  хувиараа хөдөлмөр эрхлэгчид,  төсөвт байгууллагууд, төрийн бус байгууллага /ТББ/, салбар байгууллагууд /охин компани, группийн салбарууд гэх мэт/ гэсэн үндсэн таван бүлгийн байгууллагыг багтаах юм. Эдгээрээс хамгийн баялаг асуулттай бүлэг нь  ААНБ-ынх бөгөөд нийтдээ есөн бүлэг,  380 гаруй асуулттай. Инновац хөгжүүлэлт, судалгаа хөгжүүлэлтийн чиглэлээр асуулт, хариулт байхын дээр  цар тахлын нөлөөгөөр  бизнесийн орлогод  ямар нөлөө, хүндрэл учрав, аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрөл авах, үйл ажиллагаа  явуулахад ямар  дарамт шахалт   байгааг ч бодитоор тогтоох зорилготой юм.   Түүнчлэн хувиараа хөдөлмөрч эрхлэгч гэх тодорхойлолттой ганцаараа, хэсэг бүлгээрээ хамтарч ажилладаг иргэн, аж ахуйн нэгжүүдийг бүрэн хамруулна.

Цахим шилжилт болон “Ковид-19”- ийн нөлөөнөөс хамаарч тооллогыг 100 хувь цахимаар явуулахаар төлөвлөсөн хэдий ч нийслэлийн хэмжээнд 1419 тоологчийг гэрээ байгуулан ажиллуулахаар төлөвлөжээ. Гэрээт ажилтнууд аж нэгжүүд болон хувиар хөдөлмөр эрхлэгч иргэн нэг бүрийг тооллогод идэвхтэй хамруулах,  цахим бүртгэлийг бөглөх, олон бүлэг асуултуудад үнэн, зөв хариулахад тусламж үзүүлэх аж.

Нийслэлийн хэмжээнд нийт 297.940 аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгч  бүртгэлтэй байдаг бөгөөд энэ  нь улсын хэмжээний нийт ААНБ-ын 66.9 хувийг эзэлж буй юм.  

Өнөө өглөөний байдлаар тооллого эхэлснээс хойших нэг цагийн дотор зургаан аж ахуйн нэгж цахимаар тооллогод хамрагджээ.

Аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчид  та бүхэн  http://toollogo.1212.mn цахим хуудсанд хандаж, арваннэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл улсын хэмжээнд зохион байгуулагдах тооллогод хамрагдахыг уриалж байна. 

ЭХ СУРВАЛЖ: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top