"Богд Жавзандамба хутагт" номын нээлтийн үйл ажиллагаа өчигдөр Гэсэр сүмийн хашаанд байрлах Ардчиллын 13-ийн нэг талийгаач Д.Баасан ламын амьдарч байсан монгол гэрт боллоо. Монголын ардчилсан хувьсгалын алтан хараацайн нэг Д.Баасан лам өнгөрөгч нэгдүгээр сарын 30-ны өдөр таалал төгссөн юм. Талийгаачийн эхнэр хүүхдүүд болон хамтран зүтгэж явсан найз нөхөд нь түүний амьд сэрүүн ахуйдаа сэтгэл зүрхээ зориулан оюун ухаанаа төвлөрүүлэн туурвиж байсан бүтээлийг нь ийнхүү хэвлэн уншигч сүсэгтэн олныхоо гар дээр тавьж байгаа аж.
Ламтан шашны дээд суургуулийг онц төгсч, ОХУ-д Олон улсын харилцааны чиглэлээр сургууль дүүргэж, Монголдоо төрийн удирдлагын академийг төгссөн өндөр боловсролтой хүн байсан тухай ойр дотны хүмүүс нь дурсан ярьдаг. Д.Баасан ламын амьд ахуйдаа хийж байсан бүтээлийг эмхэтгэн хэвлүүлсэн нь энэ аж.
Энэ номонд Манжийн үеэс хойшхи тусгаар тогтносон Монгол Улсын үнэн түүх багтсан байна. "Богд Жавзандамба хутагт" ном маань 570 гаруй хуудастай Богд Жавзандамба хутагт болон Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө сэтгэл зүрхээ зориулж байсан үе үеийн суут түүхт хүмүүсийн тухай архивын баримтан дээр суурилж бүтээгджээ. Мөн энэ номонд есөн богдын намтар түүх оржээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )