Ардчилсан намынхан өнгөрсөн баасан гарагт Онц Их хурлаа хийлээ. Уг хуралд 21 аймаг, есөн дүүргийн төлөөлөл 1258 хүн оролцсон байна.
Өөрсдийнх нь тайлбарлаж буйгаар бол аймаг, сумын 300 тамгатай дарга оролцжээ. Гэхдээ Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй хамгийн гол тамгыг атгаж байгаа С.Эрдэнэ хийгээд М.Тулгат нар оролцсонгүй. Тэдний хувьд өмнөх өдөр нь “Намын дотоод асуудлыг бүрэн шийдвэрлэлгүйгээр яаран хийж байгаа тул оролцох боломжгүй. Онц Их хурал биш онц их бужигнаан болно” гэж байр сууриа илэрхийлсэн.
Тиймээс ч Улаанбаатар паласт Онц Их хурал болж байхад Ардчилсан намын байранд тус өдөр АН-ын тэргүүн дээд шагнал “Чингисийн одон” гэгчийг гардуулж, Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөр хэлэлцүүлэг хийсэн шигээ өнгөрөөсөн юм. Хэдийгээр М.Тулгат, С.Эрдэнэ, Б.Гарамгайбаатар, Ц.Оюундарь нар байхгүй ч АН-ын Их хуралд очсон хүмүүс нь илүү анхаарал татахаар юм билээ.
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд бүрэлдэхүүнээрээ үүний дээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, Н.Алтанхуяг нар болон УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, Л.Гантөмөр, Ш.Түвдэндорж гээд тус намд зонхилох цөөнгүй хүн очжээ. Үүн дээр Улсын баатар Э.Бат-Үүл, нийтлэлч Баабар, “босоо” С.Ганбаатар нар байсан гэхээр сонирхолтой байж таарна. Хуралдаанаар Дээд шүүх дээр үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэх, намаас хөөж туудаг байдлыг дүрмийн өөрчлөлтөөр зогсоох асуудлыг хэлэлцсэн байдаг. Улмаар хуралдаанаас УИХ-ын гишүүн Одонгийн Цогтгэрэлийг намын даргаар батламжилсан тогтоолын төслийг батлав. АН-ын дарга О.Цогтгэрэл Онц их хурлын тэргүүлэгчдэд хандан намын Үндэсний бодлогын хороог хуралдуулах санал гаргасан тул ҮБХ үргэлжлэн хуралдаж АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Гантөмөрийг сонгосон юм. Товчхондоо, АН-ын дийлэнх нь намынхаа удирдлагыг сонгосон гэсэн үг.
70-ААД ОНЫХНЫ ЭРГЭН ТОЙРОНД
Тус Их хуралд оролцоогүй боловч олны анхаарлыг өөрсөд дээрээ байлгаж чадсан хүмүүс бол С.Эрдэнэ хийгээд Х.Баттулга нар юм. АН өмнө нь удирдлагаа бэлтгэж байсангүй. Харин таван талаас нэгдсэн намын угшилтай ханлигийн ахмадууд сонгож байв. Үүгээрээ МАН-ын шууд өвлүүлэн дамжуулдаг барилаас арай ондоо л доо. 2000 онд таван нам нэгдэж АН-ыг байгуулснаас хойш 20 жилийн хугацаанд Д.Дорлигжав, М.Энхсайхан, Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, З.Энхболд, С.Эрдэнэ нар намаа удирджээ. Хэн нь ямар фракцыг өөрийнхөө цаг үед нам дотроо хүчирхэгжүүлсэн бэ гэдгийг улс төр сонирхогчид мэдэж байгаа. Бас уг тал талаас нийлсэн бүтцийн дунд хамгийн сайн хэлцэл хийсэн цагтаа АН ялж байлаа. Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат нарын хоршил дараалсан том, жижиг таван сонгуульд ялж “МАН-ыг газрын хөрснөөс арчина” гэж аархаж явсан үеийг энд сануулсан хэрэг.
Тэгвэл 70-аад оны төлөөлөл намын удирдлагад гарч ирж байгаа үед тэдний ард хэн байна вэ гэсэн хардлага үүсэж таарна. Учир нь эрх мэдлийг атгаж байсан хэн ч тайван замаар дараагийн үедээ зайгаа тавьж байгаа бол зүгээр орхидоггүй онцлогтой. С.Эрдэнийн тодорхойлсончлон Х.Баттулга тэр хоёр намаа булаалдан удтал тэмцлээ. С.Эрдэнийн талд Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар ч ил, далд байв. Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхдаа ахлах зөвлөх Н.Алтанхуягийгаа намаа авахаар явууллаа гэдэг дуулиан ч гарч л байсан.
Тэгвэл өнгөрсөн хэдэн жилд хэвлэлээр ч, хэл амаараа ч нэг нэгнээ чамгүй шархлуулсан хүмүүс гар барьчихсан зогсоход юу нөлөөлсөн байх вэ. Нэг талаас ямар ч байсан АН нэг зүгт хардаг, өөрсдийгөө мэдрүүлдэг болох нь чухал гэдгийг хатуу ойлгожээ. Дээрээ дарга төвтэй, тэд нь мөнгөтэй төгрөгтэй эсвэл өөрийн талын хүнийг “тооноороо оруулж ирдэг”, таалагдаагүй гишүүдээ хөөдөг байдлыг газар авхуулснаас болж 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдсан.
Харин 2020 оны УИХ-ын сонгуульд эрх мэдлийг төлөө хагаралдсанаасаа болсон бол 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дээрх асуудлуудаа цэгцэлж чадалгүй үймсээр ялагдал хүлээсэн нь үнэн юм. Тийм ч болохоор тамга тойрсон хэрүүлээсээ илүү нийт гишүүддээ чиглэсэн суртал ухуулгаа сайжруулж, хуучин хэд нь хөшигний ард гар гараа барилцахгүй бол 2024 онд ч ингээд байж байх болно. Энэ байдлаар 2028 он хүргэчихвэл 70-аад оныхон нь ч тэтгэвэртээ гарах болчих учраас хөдөлгөөнд орох зайлшгүй шаардлага бий. Тийм ч болохоор дундын хувилбар руу шилжсэн гэдэг таамаг өндөр байгаа билээ.
Х.Баттулга
АН-ын Их хурал дээр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “АН бол ЖАН биш ээ” (Женкогийн АН гэдгийн товчлол) гээд зогсож байгаа харагдсан. Өөрөө намын хурал дээр яваа боловч сэтгэл нь С.Эрдэнийнхээ дэргэдүүр байна л гэсэн үг. Гэтэл нэгэн цагт Х.Баттулгад тэгтлээ их гомдож, үг дайж байсан Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар Их хурал дээрээ түүний нэрийг дурсаа ч үгүй шүү дээ. Хуучин кадрууд эв нэгдлийн тухай, энэ улс оронд ардчилал хийгээд АН хэрэгтэй талаар жижүүрийн үг хэлээд бууж байлаа. Ер нь бол М.Тулгат, С.Эрдэнэ нартайгаа тохироогүй болохоос хөшигний цаана их удаан бэлтгэсэн сценари тайзан дээр дэглэгдсэн нь ойлгомжтой.
Үүгээр сүүлийн үед Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг элдвээр шүүмжлэх болсон Эрээний консул явсан Д.Мөнх-Эрдэнэ хурлаас өшиглүүлээд гарч байгааг тайлбарлах хэрэгтэй байх. Эвлэрэх гэж ядаж байхад элдэв шарх, сорви сэдрээсэн хүмүүсээр юу ч хийх билээ. О.Цогтгэрэл анх АН хуваагдах үед Х.Баттулгын дэмжлэгээр АН-ын дарга болчихлоо гэсэн хэл аманд нэлээд өртсөн. Саяхан “Улаан бал” нэвтрүүлэгт орж байхдаа Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын хүн биш гэдгээ ам шүд гаран хэлж байна лээ. Залуу хүн манлайлал үзүүлэх гэж байгаа бол бусдын сүүдэрт нуугдаагүй гэдгээ харуулах учиртай. Гэхдээ АН-ынхан дунд О.Цогтгэрэлийг МоАХ, Алтангадас фракцын дэмжлэгээр явж байгаа тухай явган яриа бий.
Үнэхээр ч нөмөр нөөлөг нь энэ хоёр фракцыг нэгтгэн атгаж байгаа нутгийн ах Н.Алтанхуяг нь л болж харагдаад байгаа юм даа. Хэрэв нэг хэсэг шуугиан тарьсан Х.Баттулга МоАХ-г нам болгох гэж байна гэсэн таамаг үнэн болбол АН дахиад арван жил өөдийн бараа харахгүй. Тийм болохоор АН гэдэг төрийн бус байгууллага “Женко”-той байж чадахгүй ч, “Женко”-гүй байх ч аргагүй болчихсон харагдаад байгаа. Худалдааны танхимын О.Амартүвшин ч АН-ын нэг нарийн бичгийн дарга болох юм гэсэн гэх мэт яриад байвал их юм бий.
Ц.Элбэгдорж
Болсон явдлыг тал бүрээс нь шүүн хэлэлцдэг сошиал орчин үүсчихсэн болохоор бараг АН-д хамаагүй хүмүүсийн хэрүүл тэмцэл энэ намыг хагарал хэрүүлийн сав болгож харагдуулаад байдаг талтай. Уг нь бол Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж аль хэдийнэ амаа хамхиж чимээгүй байхыг чухалчлах болсон. Энэ нь ч учиртай байж гэдэг нь АН-ын Их хурал дээр харагдлаа. Нэг ардчиллаар овоглож явсан Л.Гантөмөр шууд генсек болж байна. Нэг ардчиллын нөхдүүд цагтаа Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зүгээс гарсан гэх “Мүүн”, “Сайн ах”, “Хятадын тагнуул” ажиллагаанд өртөн сүйрч байсан болохоор тэр талаас дэмжлэг авна гэж үү.
Тэгээд ч Ц.Элбэгдорж хурал цуглаан дээр очиход Л.Гантөмөр л ихээхэн шадарлаж ойр байх боллоо гэдэг хов АН-ын дунд гараад удсан шүү дээ. Тэгэхээр Л.Гантөмөр олон талцлын дундын хувилбар хэлбэрээр очсон байх талтай. Угаасаа аливаа намын Ерөнхий нарийн бичгийн дарга нь “гал тогоо”-гоо баздаг. Мөнхүү адилхан Увс аймгаас гаралтай хүмүүсээр намын удирдлагыг бүрдүүлж байгаа нь цаашдаа элдэв жижиг асуудлаас болж ан цав гаргахгүй гэдэг арга ч байж болно. Л.Гантөмөрөөр дамжуулаад Х.Тэмүүжин нарын 70-аад онд хамаарах АН-ын нэр хүндтэй гишүүдийг өөртөө татна.
Нэг ёсондоо Х.Баттулгын эсрэг талд байсан бүхэн энэ шийдлээр дамжин нэгэн жолоонд очиж байна гэсэн үг. Х.Баттулга, Ц.Элбэгдорж нар шууд нүүрэлдэхгүйгээр гэхдээ эрх ашгаа алдахгүй байх нь чухал л байгаа. Басхүү ийм тохироо хийснээр нам дотроо удирдлагын баг, Үндэсний бодлогын хороогоо эвтэй найртай хувааж авах боломжтой болно. Цаашид улс төрийн сонгуульд ч тойргоо хуваарилахад тал талаасаа оролцоно гэж ойлгогдож байна.
С.Эрдэнэ
Тэгвэл АН-ын эвлэрлийн нөгөө талд гэдийсээр байгаа С.Эрдэнэ, М.Тулгат нарт цаашид юу тохиолдох вэ. Эрх ашгийн гадна нэгэнт хоцорчихвол улс төрийн орчинд булшлагдаж орхих биш үү. С.Эрдэнийн хувьд УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд намаа ялагдуулсан, хагарлын гол автораар явж байсан зэргээсээ болоод улс төрөөс хойш сууж болох юм. Харин М.Тулгат бол үеийнхэндээ үнэлэгдэж яваа залуу хүн. Гэтэл ийм бат байр суурьтайгаар үлдэж байгааг нь харахад найдсан зүйл бас байгаа бололтой.
Их хурал дээрээс шүд зуугаад гарсан Д.Ганбат, Д.Мөнх-Эрдэнэ нар түүний талд бий. Бас Э.Бат-Үүл Их хуралд оролцсоныхоо дараа твиттертээ “Зоригийн хөшөөний өмнө хэлсэн уриалгыг минь хүлээн аваад ирсэн Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг нэг индэр дээр гарсан Онц Их хурал сүүлийн мөчид онцгүй шийдвэр гаргаж М.Тулгатын хэлсэнчлэн намын хагаралыг улам гүнзгийрүүлчихлээ. Намаа, залуусаа нэгтгэх итгэл найдвар маань өнгөрлөө дөө, яав даа” гэж бичсэн байна лээ. Намаа бугшсан хуйвалдаанаас салгана гээд гүйх юм бол их юм дуулгаж мэдэх л юм.
Дээр дурдсан намын хуучин кадруудын эвлэрэл цаашдаа АН-ыг нэгэн цагт өнгөлж явсан боловч хэрэг төвөгт шалгагдаж, шорон оронд орсон хуучин дайчдын нүдэнд ямар харагдаж байгаа юм бол. М.Энхсайхан, Ч.Сайханбилэг гээд үгээ хэлээгүй хүмүүс зөндөө байна. Магадгүй нэгэн цагт С.Эрдэнийг дэмжиж байсан Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нар зуучлагчийн үүрэг гүйцэтгэж, эвлэрүүлэхээр явах хувилбар ч байж болно. Дээр нь Дээд шүүх гэж асуудал бий. Хэрэв Дээд шүүх АН-ын Их хурлын шийдвэрийг дүрмийн бус байна гэж бүртгэж авахаас татгалзаж С.Эрдэнэд байгаа тамгыг зөвшөөрсөн хэвээрээ байх юм бол нөгөө эвлэрсэн хэд маань гудамжны бөөгнөрөл хэвээрээ л үлдэнэ дээ. Тийм болохоор АН Онц Их хурлаараа үнэхээр эвлэрсэн үү, эвдрэлцэх нэг дамжлагаа өнгөрөөд байна уу гэдгийг дүгнэхэд эрт байна даа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
МАН байгаагүй бол өнөөгийн Тусгаар Тогтносон Монгол Улс гэж байхгүй байх байсан\nАН байгаагүй бол өнөөгийн Оффшорчид, Луйварчид, Оцгоногчид, Хонгилчид, Ажилгүй ядуучууд байхгүй байх байсан,\nЮу үнэн ЭНЭ ҮНЭН
t1 nam
Баас баас баас Юуных нь эвлэрэл...