Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт энэ сарын 4-ний өдөр малчны хотонд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрч, дараа өдөр нь улсын Мал эмнэлгийн ерөнхий газрын лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр Хонгор сумын хоёрдугаар багийн нутаг Хүйтний гол гэх газарт нэг сарын хугацаатай хөл хорио тогтоосон байна.
Өчигдрийн байдлаар 15 өрхийн 185 толгой мал өвчилсөн бөгөөд сэжигтэй бүсийн 56 өрхийн 32 мянган толгой малд шүлхий өвчний эсрэг вакцин хийхээр төлөвлөснөөс 6500 орчимд нь хийжээ. Энэхүү ажилд малын их эмч дөрөв, найман мал баригч, нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулсан байна.
Малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбоотойгоор Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар, Хонгор сумын ЗДТГ-аас тус бүр нэг суурин, нэг явуулын пост гарган хамгаалалтын ажлыг хийж байгаа ажээ.Халдварын голомт нь Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамаас 27 километрийн зайтай учраас Дархан-Уул аймаг руу нэвтрэх, гарах замыг хаахгүй хэмээн Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал бидэнд мэдээлсэн юм.
Шүлхий нь богино хугацаанд өргөн уудам нутгийг хамран тархаж, тэмээ, үхэр, сарлаг, хонь, ямаа, гахай, буга, зээр зэрэг салаа туурайтныг өвчлүүлдэг вирусын гаралтай гоц халдварт өвчин юм.
Чийглэг, бүрхэг, хүйтэн цаг агаартай үед шүлхийн вирус нь агаар дуслын замаар алс хол зайд халдварлах боломжтой учраас иргэд онцын шаардлагагүй бол шүлхий өвчин гарсан аймгийн нутаг дэвсгэрт зорчихгүй, мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй байх хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )