Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтыг Италийн талтай хамтран хэрэгжүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 08

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан болон албаны бусад хүмүүс Итали улсын Милан хотноо суух өргөмжит Консул Паоло Бонеттиг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Италийн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага судлах шаардлага байгааг дурдаад хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагаанд өндөр ач холбогдолтой уулзалт болж байгааг онцоллоо.

“Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат тэргүүтэй ХХААХҮЯ-ны төлөөлөл өнгөрсөн тавдугаар сард Итали Улсад ажиллаж, “Дархан арьс ширний цогцолбор” төслийг хэрэгжүүлэх Санамж бичгийг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд өнгөрсөн аравдугаар сард төслийн нарийвчилсан ТЭЗҮ, судалгааг хийх ажлыг эхлүүлэхээр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Итали улсад ажиллаж, Италийн Засгийн газрын САЧИ даатгалын агентлагтай хамтран дэлхийн олон оронд томоохон төслүүдийг амжилттэй хэрэгжүүлсэн ИМАГРО компанийн ерөнхийлөгч ноён Массимо Поллио болон холбогдох албаныхантай уулзаад ирсэн.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “ОХУ-д байгуулсан үйлдвэрийн зураг төслийн дагуу Монгол, Италийн талаас хариуцан ТЭЗҮ-ийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хамтарсан ажлын баг байгуулах, цаашид хоёр орны Жижиг, дунд үйлдвэрүүдийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, ЖДҮГ болон Итали улсын Засгийн газрын САЧИ даатгалын байгууллага, ИМАГРО компани хооронд хамтран ажиллах Санамж бичгийг ойрын хугацаанд үзэглэх хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.160.36) 2021 оны 11 сарын 09

Гоё мэдээ байна

0  |  0
Энхжаргал(66.181.190.238) 2021 оны 11 сарын 10

Аштай юу даа, Хурдан л ашиглалтанд ороосой .Их удаан хүлээлттэй байсан үйлдвэр шүү!!!

1  |  0
Top