В.Үнэнбат: ХААДС-гаас I ангилалын улаанбуудайг 750 мянган төгрөгөөр авсан

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 10

Намрын налгар өдрүүд өнгөрч, хүйтний ам наашилсан энэ өдрүүдэд манай улсын улаанбуудай, хүнсний ногооны хураан авалт хэр байгаа талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбатаас тодрууллаа.

-Одоогийн байдлаар манай улс хэдий хэр хэмжээний улаанбуудай хурааж аваад байгаа вэ?

-Манай улс 2021 онд 660 мянган га талбайд тариалалт хийсэн. Үүнээс 389 мянган га талбайд нь улаанбуудай тариалсан. Одоогийн байдлаар улаанбуудай, төмс, хүнсний ногоо хураалтын талбайн ажил ерөнхийдөө дууссан байгаа. Одоо зөвхөн үтрэм, цэвэрлэгээ, хатаалт, агуулах савандаа хийх ажил хийгдээд явж байна. Харин тосны ургамал, тэжээлийн ургац хураалт ер нь дууссан. Өнөөдрийн байдлаар 540 мянга гаруй тонн улаанбуудай хураан аваад байна гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Уг нь бид энэ жил 560 орчим мянган тонныг авахаар төлөвлөсөн.

-Дотоодын гурилын үйлдвэрүүд нөөц хангалттай байгаа гэсэн шалтгаанаар тариаланчид борлуулалтаа хийж чадахгүй байна гэх гомдол гарч байгаа. Энэ асуудал дээр ямар зохицуулалт хийх вэ?

-Өнөөдрийн байдлаар 60 орчим мянган тонн импортын улаанбуудайн нөөц манайд бий. Энэ нь өнгөрсөн жил цар тахлын ид дэгдэлтийн үед хүнсний аюулгүй байдлын нөөц гэж 150 мянган тонн улаанбуудай оруулж ирсний үлдэгдэл байгаа юм. Энэ жилийн хувьд нийт мэдээгээр нэгтгэгдэн хураан авсан 540 мянган тонноос гурилын үйлдвэрүүд болон Хөдөө аж ахуйг дэмжих санд одоогоор 230 гаруй мянган тонн улаанбуудайг нийлүүлсэн байна. Бид мөн спирт болон дараа жилийн үрийн нөөцөд нийлээд 70 орчим мянган тонныг авдаг. Тэгэхээр 300 мянга гаруй нь хэрэглээндээ нийлүүлэгдсэн гэж үзэж болно.

Харин үлдэж байгаагаас нь 80 орчмыг нь авахад дотоодын гурилын хэрэглээний 308 мянган тонныг бүрэн хангана гэсэн үг. Гурилын үйлдвэрүүдтэйгээ ч гэсэн холбогдоход төлөвлөсөн улаанбуудайгаа тариланчдаасаа бүрэн авна гэсэн. Мөн саяхан Засгийн газраас тогтоол гаргаад гурил болон тэжээлийн үйлдвэр, тосны үйлдвэрүүдэд 150 тэрбум төгрөгийг гурван хувийн хүүтэйгээр олгохоор болсон. Тэгэхээр эдгээр үйлдвэрүүд маань санхүүгийн илүү чадамжтай болж, тариалан эрхлэгчдээсээ улаанбуудай, тэжээлийн буудай, тосны ургамал зэргийг түлхүү худалдаж авах боломжтой болно.

-Гурилын үйлдвэр болон үрийн нөөцөд худалдан авч байгаа улаанбуудайн үнэ ханш хэд байгаа вэ?  

-Хөдөө аж ахуйг дэмжих сан нэгдүгээр ангиллын буудайг 750 мянган төгрөгөөр есдүгээр сараас эхлэн авсан. Харин өр, авлагадаа болохоор 800 мянган төгрөгөөр тооцоод, хоёр, гуравдугаар ангиллын буудайг татлалтай авч байгаа. Үрийн стандарт хангасан буудайг нэг тонныг нь нэг сая төгрөгөөр тооцож авсан. Мөн аж ахуйн нэгжүүд маань хүсэлт гаргавал гурилын шаардлага хангахгүй улаанбуудайгаа Хөдөө аж ахуйг дэмжих сангийн агуулахад хадгалж болох нөхцөлийг нь бүрдүүлж өгсөн.          

-Улаанбуудайгаа экспортод гаргах тухай яригдаж, БНХАУ-ын мэргэжлийн хяналтын байгууллагаас зарим үйлдвэрүүд ирж шалгалт ч явуулж байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Өмнө нь 2012 зэрэг онуудад улаанбуудайгаа экспортод гаргах асуудал яригдаж байсан. Гэсэн ч БНХАУ-ын хорио цээрийн шаардлага өндөр учраас гаргаж чадаагүй юм билээ. Тэгэхээр одоо бид нар гурилын үйлдвэрийн шаардлагад нийцэж байгаа улаанбуудайгаа нэн тэргүүнд авч, дотоодын хэрэгцээгээ хангах шаардлагатай байгаа юм. Харин манай тариаланчид өмнөд, хойд хөршийнхөө аль нэг үйлдвэртэй яриад цаанаас нь зөвшөөрвөл экспортод гаргах боломж нь бий.

-ХХААХҮЯ-наас нэгдсэн зохион байгуулалтаар экспорт хийхгүй гэсэн үг үү?

-Өмнө нь ч гэсэн яамнаас улаанбуудайн экспорт хийж байгаагүй. Бидний гол зорилго бол эхлээд гурилын дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах, бусад хэрэглээндээ тодорхой хэмжээнд улаанбуудайгаа нийлүүлэх. Харин бидний хувьд нэмүү өртөг шингэсэн улаанбуудайн болон хөх тарианы гурилаа экспортод гаргах урьдчилсан хорио цээрийн тохироог хийчихсэн байгаа. БНХАУ-ын талаас шаардсан шаардлагынх нь дагуу нийт 12 үйлдвэрийн мэдээллийг нь цуглуулаад хүргүүлсэн. Хэрэв шаардлагад нь тэнцээд, хил гааль нээгдвэл дээрх гурилуудыг экспортод гаргана.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top