Улаанбаатарчууд энэ жил гурав дахь жилдээ “Сайжруулсан шахмал түлш” түлэх гэж байна. Энэ хугацаанд тус түлштэй холбоотой сайн, муу олон л мэдээ гарсан. Ямар ч байсан нийслэл хот маань утаагүй, тоосжилт бага болсон гэдгийг хүн болгон хүлээн зөвшөөрдөг.
Харин энэ удаад манай сонинд иргэдийн зүгээс “Шахмал түлшний 25 килограммын шуудай нь тасарч, 100 килограммаар савлан худалдаалж байгаа нь чирэгдэл учруулж байна” гэсэн гомдол, мэдээлэл ирсэн юм. Үүний дагуу Чингэлтэй болон Баянгол дүүргийн нутагт түлш борлуулж байгаа зарим цэгүүдээр орж сонирхлоо.
Зурагтын эцсийн автобусны буудал дээр байрлах түлшний цэгийн борлуулагч Н.Батзаяагийн хэлж буйгаар шахмал түлш 100 болон, 25 килограммын савлагаатай ирж байгаа нь үнэн гэнэ.
Суудлын автомашинтай хүмүүс 100-тайг нь худалдан авахаас татгалзаж байгаа аж. Үнэхээр ч тэр нь жижиг машины тээшинд багтахааргүй, ганц хүн өргөж чадахааргүй том юм байна. Тиймээс энэ талаар “Тавантолгой түлш” компанийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняагаас тодрууллаа. Тэрээр “Хил хаагдсанаас болж хаа, хаанаа хүндхэн байгаа. Гэвч манай 25-ын шуудай бүрэн тасраагүй. Харин нөөц нь багассан. Бид өнгөрсөн жил ч гэсэн 100-гаар савласан түлшийг тодорхой хэмжээгээр гарган борлуулж байсан. Иргэдийн зарим нь бөөнд нь хадгалахад тохиромжтой, шуудай савыг нь өөр зориулалтаар ашиглах боломжтой гээд дуртай байдаг. Мэдээж нөгөө хэсэг нь дургүй байдаг” гэсэн юм.
Тэгвэл иргэдийн гомдоллоод байгаа өөр нэг зүйл бол их хэмжээгээр нь савласан түлш тэр хэмжээгээрээ нунтаг ихтэй байгаа аж. Харин тэр нунтгийг нь түлэхээр угаар үнэртэж эхэлдэг хэмээн нэгэн иргэн ярьсан. Үнэхээр дан нунтаг байдалтайг нь түлвэл угаар үнэртэж, улмаар угаартах эрсдэл үүсгэж болох талтай. Сайжруулсан түлшинд угаартсан иргэн 2019-2020 оны галлагааны улиралд бүртгэгдсэн бол тухайн оны зөвхөн аравдугаар сард л гэхэд 712 тохиолдол бүртгэгдэж байжээ. Тэгвэл энэ оны аравдугаар сард 430 угаарын дуудлага бүртгэгдэн дуудлагын тоо эрс багассаныг хэд хоногийн өмнө угаарын хийн талаар мэдээлэл хийсэн албаныхан онцолж байсан. Гэвч энэ удаагийн асуудал угаар биш учраас хүн бүхэн анзааргатай, аминдаа хайртай байх хэрэгтэйг сануулаад орхиё.
Тэгвэл ноднин жил хэдэн залуус “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлшний шуудайг дахин ашиглаж, эргэлтэд оруулах тухай ярьж эхэлсэн байдаг. Улмаар хогийн цэг дээр овоолго болдог өнөөх шуудайг цуглуулах, иргэдээс тодорхой ханшаар худалдан авах, түүнийгээ цэвэрлэж, дахин наах гээд олон ажлыг тэд өнгөрсөн хугацаанд хийжээ. Ингээд “Тавантолгой түлш” компанийн удирдлагуудтай уулзаж, санал бодлоо хэлээд хамтран ажиллах гэрээ хүртэл байгуулсан байна. Тэдэнд одоогоор түлш савлагаанд шууд ашиглаж болох 50 мянган шуудай байгаа аж. Энэ тухай тус ажлыг санаачлагч Б.Доржмягмараас лавлахад “Бидний зүгээс хийх ёстой зүйлсээ хийгээд л яваа. Гэсэн хэдий ч нөгөө талаас худалдан авалт хийгээгүй л байна. Дээрээс нь түлшний шуудайг хүмүүс ихэвчлэн буруу задалдаг. Тиймээс буруу задалсан 25 килограммын шуудайг 15 килограммынх болгон дахин ашиглах ч боломжтой” гэсэн.
Үнэхээр ойрын хэдэн жилдээ “Сайжруулсан шахмал түлш”-нээс өөр сонголтгүй гэж үзэж байгаа бол савлагаа, жингийн олон төрөлтэй болгоод худалдан авагчдынхаа санхүүгийн чадваруудад тааруулах хэрэгтэй байж мэдэх юм. Залуучууд нь санал, санаачилга гаргаад байхад “Хил хаасан” хэмээн шалтаглан иргэддээ 100 килограммын савлагаатайгаар түлшээ шахаж байгаа нь ч өрөөсгөл зүйл. Харин түүний оронд өөрсдөд байгаа боломж бололцоогоо нэн дариу ашиглаж, иргэдээ чирэгдүүлэхгүй байх хэрэгтэй. Нэгэнт л улаанбаатарчуудад уг түлшнээс өөр түлэх зүйл байхгүй байгаа болохоор иргэд бухимдсан ч гэсэн ямар нэгэн арга олоод л түлшиндээ хэрэглэж байна. Ид галлагааны үе ирж, хил гааль хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа энэ үед иргэдээ бухимдуулж, сонголтгүй сонголт тулгахын оронд өөрсдийн дотоод бололцоогоо ашиглах хэрэгтэй байгаа юм.
Д.ГАЛДАН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )