-Өвлийн дугуй нэг ширхэг нь 200 мянга юм уу ... Арай хямдхан байхгүй юу?-
Өөрөөсөө өндөр болгож өрсөн дугуйны хажууд даарахгүй гэсэндээ үргэлж нааш, цааш хөдлөх дугуйн наймаачид. Ижил үнэтэй байгааг нь мэдсээр байж тасаг бүрээр орж, дугуйны үнэ асуух жолооч нар... Өвлийг угтахаар зэхэж буй “Өгөөмөр” захын өнөөгийн төрх энэ.
“Хил хаагдсан, ачаа гацсан. Тэгээд л барааны үнэ өсчихлөө...”
Сүүлийн өдрүүдэд наймаачин бүрийн амнаас энэ үг гарах болж. Өвлийн дугуйны үнэ ханшийг тодруулахаар “Өгөөмөр” захаар очиход уулзсан наймаачин бүр дээрх үгийг хэлэх аж.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
PRIUS МАШИНЫ ӨВЛИЙН ДУГУЙ ХАМГИЙН ХЯМД НЬ 80.000 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ
Өнгөрсөн жилийн өдийд 30 мянган төгрөгөөр худалдаалагдаж байсан Prius автомашины 95/65/15 хэмжээтэй өвлийн дугуй 80.000 болтлоо үнэ нь өсжээ. "Өгөөмөр" захад байгаа хамгийн хямд дугуй энэ аж. Цаашилбал, 150-500 мянган төгрөг хүртэл үргэлжилнэ.
Жолооч нар өвөлд бэлтгэж, дугуй авч байгаа эсэх талаар наймаачин Ц.Болдбаатараас асуулаа. Өвлийн дугуйны үнэ асуухын сөхөөгүй өмнөөс дугуй өндөр үнэтэй байгааг тайлбарлаад, "Өнгөрсөн жил Prius машины 95/65/15 хэмжээтэй дугуйг 30.000 төгрөгөөр худалдаалж байсан. Гэтэл одоо 80.000 болсон" гэлээ. Түүний хэлснээр бол хил гааль хаагдаж, ачаа тээвэр гацсантай холбоотой дугуйны үнэ хоёр дахин нэмэгдсэн гэнэ.
Дөрвөн дугуйгаа 120 мянган төгрөгөөр сольдог байсан жолооч нар одоо хамгийн хямддаа 320 мянган төгрөгөөр дугуйгаа солих болжээ.
Дугуйны үнэ өндөр болсны улмаас түүний өдрийн орлого ч багассан гэнэ. Өдөрт 10-20 дугуй борлуулдаг ч зарим өдөр түүнээс бага орлоготой ажиллах болжээ.
Мөн тавдугаар сард захиалсан бараа нь хэдхэн хоногийн өмнө ирсэн гэх гомдол хэлж байв. Хил дээр ачаа удах тусам тээврийн хөлс нэмэгдэж, энэ нь өндөр үнэтэй зарах шалтгаан болж байгааг дахин дахин тайлбарлах аж.
"Жилийн жилд дугуйны үнэ хямд байдаг ч энэ жил хил гааль хаасантай холбоотойгоор нэмэхээс өөр арга байсангүй" гэсэн үгийг хүн бүр л хэлж байв.
ДӨРВӨН УЛИРЛЫН ДУГУЙ ГЭЖ АНДУУРДАГ "MS" ТЭМДЭГ ЗУНЫ ДУГУЙНД Ч БИЙ
Өвлийн дугуй сонгохдоо анхаарах хэд хэдэн зүйлс байдаг. Энэ талаар мэдлэг дутмаг, хэрхэн сонгохоо мэдэхгүй байгаа жолооч нарт тус нэмэр болох үүднээс туршлагатай борлуулагч Б.Сүхбаатараас зөвлөгөө өгөхийг хүслээ.
Тэрбээр дугуй сонгохдоо юуг анхаарах талаар зөвлөгөө өгөхийг уриалгахан зөвшөөрч, дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн юм.
Зарим жолооч дөрвөн улирлын дугуй хайж ирдэг гэнэ. Ингэхдээ дугуйн дээр бичсэн "MS" гэх бичгийг хараад, дөрвөн улирлын дугуй байна гэж андуурах тохиолдол их байдаг аж. "Дөрвөн улирлын дугуй" гэж байхгүйг тэр учирлав. Дугуй бүр дээр "MS" гэсэн бичиг байдаг. Энэ нь цас болон шавартай замд явахыг зөвшөөрсөн тэмдэглэгээ гэлээ. "Зуны дугуйнд хүртэл энэ тэмдэг байдаг. Хүмүүс харин дөрвөн улирлын дугуй гэж андуурч асуудаг. Мэдэхгүйг нь далимдуулаад дөрвөн улирлын дугуй мөн гэж хэлээд худалдаалах хүн ч байдаг. Тиймээс "MS" гэх бичиг хайх биш нэмэлт тэмдэглэгээ байгаа эсэхийг лавлах хэрэгтэй" гэлээ.
Дугуй авахдаа харах ёстой хамгийн чухал зүйл нь хээ байдаг аж. Хатуу хээтэй бол өвөл хөлддөг. Харин зөөлөн, резинэн байвал халтиргаанаас хамгаалж, мөс болон гулгаа ихтэй газар зуурч, осол аваар гарахаас сэргийлдэг байна.
Анхаарах ёстой дараагийн зүйлсийг дугуйн дээрх тэмдэглэгээнээс харж болно. Үйлдвэрлэсэн он, өвлийн дугуй гэдгийг илтгэх цасны тэмдэглэгээ, хэмжээ гэх мэт нь дугуйны хажуу талд бичээстэй байдгийг та анзаарах хэрэгтэй.
Түүнээс зөвлөгөө аваад дуусахтай зэрэгцэн дугуй худалдаж авах гэсэн хүн ирлээ. Prius-20 машиндаа өвлийн дугуй авах гэж байгаа үйлчлүүлэгч жил бүр дугуй худалдаж авсаар багагүй мэдээлэлтэй болсон бололтой. Дугуйны хээг нарийвчлан харж байлаа.
Түүнээс дугуйны үнийн талаар асуухад энэ жил 80-100 мянган төгрөгөөр үнэ нэмэгдсэн байгааг хэлж, нэгэнт л авахаас өөр сонголтгүй учраас чанарыг нь сайн харж авах хэрэгтэйг анхааруулж хэллээ.
Сэтгэгдэл ( 0 )