ШУТМОУТ-ын бүрэн эрхт төлөөлөгчдийн хорооны даргаар Д.Рэгдэл сонгогдлоо

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 10

Шинжлэх ухаан, техникийн мэдээллийн олон улсын төв (МЦНТИ/ICSTI)-ийн Бүрэн эрхт төлөөлөгчдийн хорооны  73 дугаар  хурал өчигдөр /2021.11.09/ боллоо.

Шинжлэх ухаан, техникийн мэдээллийн олон улсын төв нь (МЦНТИ/ICSTI) шинжлэх ухаан, техникийн мэдээллийн олон улсын солилцоог хангах асуудлыг шийдвэрлэх зорилгоор байгуулагдсан засгийн газар хоорондын мэргэшсэн байгууллага юм.

МЦНТИ/ICSTI -ийн удирдах дээд байгууллага нь гишүүн орнуудаас томилсон үндэсний академи, эсвэл холбогдох төрийн байгууллагын албан тушаалтнуудаас бүрдсэн Бүрэн эрхт төлөөлөгчдийн хороо юм.

Тус хорооны өчигдрийн хурлаар 2021 оны тайланг хэлэлцэж, Бүрэн эрхт төлөөлөгчдийн хорооны даргын сонгууль явуулжээ.  

Энэ удаагийн сонгуулиар Монгол улсын бүрэн эрхт төлөөлөгч ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл сонгогдож  Бүрэн эрхт төлөөлөгчдийн хорооны даргаар ажиллахаар боллоо.

 Бүрэн эрхт төлөөлөгчдийн хорооны даргаар өмнө нь, Бүгд Найрамдах Молдав Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Эдийн засгийн судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал, эдийн засгийн ухааны доктор, профессор Александр Стратан ажиллаж байсан юм.

Анх 1969 онд найман улс нийлж тус төвийг байгуулсан бөгөөд тэдгээр улсын нэг нь БНМАУ юм. 2019 онд үйл ажиллагаагаа явуулсны 50 жилийн ойгоо тэмдэглэсэн МЦНТИ/ICSTI  нь Төв Америкаас Зүүн Өмнөд Ази, Европоос Африк хүртэлх дэлхийн бараг бүх газарзүйн бүс нутгийг төлөөлсөн 22 гишүүн оронтой.  Түүнчлэн, тус төвийн урт, дунд хугацааны төслүүдийг хэрэгжүүлэхэд албан ёсны гишүүнчлэлээс гадуур 20 орчим орны холбогдох байгууллагууд хамтран оролцдог байна.

МЦНТИ-ийн эрхэм зорилго нь гишүүн орнууд болон түншүүдийн шинжлэх ухаан, технологийн тогтвортой хөгжлийг дэмжих явдал юм. Чингэхдээ эдийн засгийн хүртээмжтэй өсөлт, тогтвортой хөгжлийг хангахын тулд гишүүн байгууллагуудын болон тэдгээрийн түншүүдийн шинжлэх ухаан, технологи, бизнесийн салбар дахь хүчин чармайлт, зохицуулалтыг нэгтгэх зорилгын дор ажилладаг.

Шинжлэх ухаан, техникийн мэдээллийн олон улсын төв нь өөрт өгөгдсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэхдээ үндэсний тогтолцооны мэдээллийн байгууллагууд, гишүүн орнуудын бие даасан эрдэмтэн, мэргэжилтнүүдтэй хамтран хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн үндсэн дээр гүйцэтгэдэг юм.

Одоогийн байдлаар МЦНТИ/ICSTI-ийн гол хүчин чармайлт нь шинжлэх ухаан, технологийн болон инновацийн үйл ажиллагааг дэмжих олон улсын тоон мэдээллийн дэд бүтцийг (экосистем) хөгжүүлэхэд чиглэгдэж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bi(192.82.66.181) 2021 оны 11 сарын 11

Монголын шинжлэх ухааны байгууллагын нэр хүндийн тод бөгөөд том илэрхийлэл энэ мөн байх баяр хүргэе.\nБас монгол хүний толгой сэргэг бөгөөд сийрэг гэдгийг ч бас нэг нотолгоо болов уу.

0  |  0
Top